Шүүхээс 23 жилийн ял сонссон Вайнштейн эмнэлэгт хүргэгдэв

Холливудын дуулиан тарьсан продюсер Харви Вайнштейн шүүх хурлаас гарч ирсэнээс хойш хэдхэн цагийн дараа эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр бэлгийн хүчирхийллийн хэргээр 23 жилийн ял сонссон бөгөөд одоо Манхеттен дахь эмнэлэгт байгаа аж. Вайнштейнийг өглөө хүртэл ажиглаад, биеийн байдал хэвийн бол шорон руу илгээх юм байна.
Түүний биеийн байдал энэ сарын эхээр буюу шүүх ажиллагаа эхлэсний дараахан муудсан бөгөөд эмнэлэгт хэвтэн, зүрхний судасны хатуурал оноштойгоор хагалгаанд орж байв.
Улмаар гуравдугаар сарын 11-ний өдөр Вайнштейн шүүх танхимд алхуулагч болон гавтайгаар ирсэн юм. Түүнийг хүчирхийлэл болон хохирогчдыг зүй бусаар бэлгийн хавьталд орохыг шаардсан зэргээр буруутгасан. Вайнштейний эсрэг Ума Турман, Анжелина Жоли, Эшли Жадд зэрэг олон арван эмэгтэйчүүд нэгдэж, энэ нь бэлгийн мөлжлөгийн хохирогчдын дуу хоолойгоо нэгтгэх #MeToo хөдөлгөөнийг үндэслэсэн юм.
Тодруулбал, 2017 оны 10 дугаар сард олон нийтийн сүлжээгээр #MeToo хэштег давалгаалж, бэлгийн хүчирхийлэл, дарамтын хэргийг ил гаргаж байлаа. Энэ нь анхлан Холливудын нэрт найруулагч, продюсер Харви Вайнштейн жүжигчдийг бэлгийн дарамтанд оруулж байсан хэрэг ил гарснаас үүдэлтэй бөгөөд жүжигчин Алисса Милано энэ хэштегийг ашиглан өөрт тохиолдсон гашуун туршлагаа бусадтай хуваалцан, энэ төрлийн гэмт хэргийг ил гарган, тэмцэхийг уриалснаар дэлхий даяар түгсэн юм.
Тэр үеэс хойш олон сая хүн тэр дундаа алдартнууд энэ хэштегийг ашиглан өөрт тохиолдсон гунигт түүхийг хуваалцаж байв.
Энэ хөдөлгөөн зүгээр ч нэг түүх ярихад чиглэгдсэнгүй. МеТоо хөдөлгөөн өрнөсний ачаар АНУ-д 2018 оны байдлаар ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол 10 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 10 жилд тохиогоогүй их өсөлт гэж Хөдөлмөрийн харилцааны тэгш эрхийг мөрдөх комисс мэдээлж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ