COVID-19: Трамп ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Титэм вирусийн тархалтын аюул заналтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлалаа.
Онц байдлын горим тогтоож байгаа талаар тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Трампын өгүүлснээр, онц байдал тогтоосноор холбооны болон орон нутгийн эрх баригчид тахлын нөхцөлд үйл ажиллагаагаа нарийн уялдуулах, зохицуулах боломжтой болох гэнэ.
Түүнчлэн эмч нар ирэх долоо хоногийн эхээр нэмэлт хагас сая оношилгооны тест, энэх сарын туршид таван сая тест хүлээн авна гэж Трамп мэдэгдээд гэхдээ эдгээр тестийг ашиглах хэрэг гарахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн онц байдал тогтоох зарлиг гарснаар Эрүүл мэндийн сайд зарим хууль, журмаар хязгаарлагдахгүйгээр эрх мэдэл нь өргөжиж, ингэснээр шинээр эмнэлэг нээх явцыг хурдасгах, шинэ төрлийн эмчилгээний арга турших зрэг шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой болно гэж Трамп онцолсон байна.
АНУ-д ийнхүү онц байдал зарласнаар Үндэсний ядууралтай тэмцэх сангаас 50 тэрбум ам.долларыг титэм вирустэй тэмцэхэд зориулан гаргах, муж болон орон нутгийн захиргаануудын үйл ажиллагааг үр дүнтэй уялдуулах боломжтой болж байгаа юм.
Тус улсын зарим мужид вирусийн тархалтын хурдыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дотор дунд сургуулиудыг хааж, олон нийтийн цугларалат, спортын арга хэмжээнүүдийг хориглосон.
Одоогоор АНУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан тохиолдол 1700 бүртгэгдсэн бөгөөд 40 хүн нас баржээ.
Энд дуулгахад, Вашингтон дахь Олон улсын валютын сангийн төв байрны ажилтан титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон талаар баасан гаригт ОУВС-ийн төлөөлөгч мэдэгдэж байлаа. Улмаар тус сангийн ажилтнуудыг дараагийн шийдвэр гарах хүртэл гэрээс нь ажиллуулахаар болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ