АНУ-ын тагнуул: БНХАУ COVID-19 вирусийн тархалтын бодит мэдээллийг нуусан

БНХАУ-ын эрх баригчид өөрийн улсад нь тархсан COVID-19 вирусийн дэгдэлтийн цар хүрээг нууж, халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоог дарж мэдэгдсэн тухай нууц илтгэлийг Америкийн тагнуулынхан АНУ-ын Ерөнхийлөгчид өгсөн гэнэ. Энэ талаар гурван албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар Bloomberg мэдээлжээ.
Bloomberg агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжууд өөрсдийн нэрийг дурьдахгүй байхыг хүссэний дээр баримт бичигт дурдсан тодорхой мэдээллүүдийг задлаагүй байна. Харин БНХАУ-ын албан ёсны мэдээлэл нь үзүүлэлтүүдийг зориудаар бууруулсан гэх хардлагыг төрүүлж байгаа хэмээн онцолжээ.
Түүнчлэн, Иран, Индонез, Орос улс тэр дундаа нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэх Хойд Солонгост эргэлзэх нөхцөл бий, олон нийтэд хуурамч мэдээлэл өгсөн гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байгаа гэнэ.
Өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс CNN агентлагт ярилцлага өгөх үеэрээ өвчлөлийн цар хүрээг нуусан Хятадаас болж Америкийн эрх баригчид COVID-19 вирустэй тэмцэх арга хэмжээг хэтэрхий оройтуулсан хэмээн онцолж байлаа.
"Хятад улс 12 дугаар сард дэлхий дахинд мэдээлэхээсээ хавьгүй өмнө энэ тахалтай нүүр тулсан гэдэг нь ойлгомжтой болж байна. Олон улсад мэдээлэхээсээ сарын өмнө ч байж магадгүй" хэмээн Майк Пенс мэдэгдэж байсан юм.
Энд дуулгахад, АНУ-д COVID-19 вирусийн халдвартай холбоотой нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Дэлхий дахины өвчлөлийн статистикийг харуулдаг Worldometers -ийн мэдээллээс харахад, дөрөвдүгээр сарын хоёрны өглөөний бйдлаар 212 мянган хүн халдвар авсан бол 4,7 мянган хүн нас баржээ. Ийнхүү өвчлөлийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа АНУ COVID-19 вирусийн халдвар авсан болон нас барсан хүний тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ