АВТОБУС № 31: “Охин бөөрөө өгөхгүй гэсэн”

Баасан гарагийн мэнд. Өнөөдөр Улаанбаатар хотод 17 хэм дулаан гэнэ. Гадаа дулаараад л хөтлөлцсөн хосуудын инээд хотын гудамжинд хөг нэмсэн гэгэлгэн өдрүүд үргэлжилж байна. Өглөө /2020.04.03/ Таваншараас туршилтын цахилгаан автобусанд суулаа. Энэ автобус дулаахан, цэвэрхэн байгаа нь мөн гоё. Гэхдээ автобус хичнээн гоё байлаа гээд зорчигч соёлгүй бол нийтийн тээврийн парк шинэчлэлт, нийгмийн сайн сайхны тухай яриад ч нэмэргүй юм шиг...
Өмнөхийг ЭНДЭЭС

Арын суудалд суусан халамцуу эрийн гар утас байсхийгээд л дуугарна. Дуудлагыг авах бүртээ тэр чангаар хашхичин ярих нь жаахан төвөгтэй. Энэ удаад ээж нь залгажээ.
- Өө байна ээж. Аан тийн. Өнөөдөр л цалин буух байхдаа. Ээж та надад нэг данс олоод өгөөрэй. Би цалин буухаар мөнгө шилжүүлье. Өнөөдөр буух болов уу л гэж горьдоод байна. Би одоо ажил руу явж байна, очиж уулзах гээд. Уулзчихаад буцаад харина даа.
- Миний төрсөн өдрөөр ханш нээгдэх нь дээ гэж бодоод л байна.
-Хүүе, ээж та миний төрсөн өдрийг мартчихсан юм уу.
-Тийн шүү дээ, тэгээд яагаав хэхэ.
-Би Мөнхөөг шатаагаад хаясаан байхгүй. Автобусны мөнгө гуйж аваад картаа цэнэглүүлээд
-Том ах өчигдөр орой ирж түлээний 10 мянган төгрөг өгнө лээ.
-Манайх бүр махгүй болсон. Өчигдөр бид гурав бэлэн хоол буцалгаж идсэн, сосикстой.
Дараагийн дуудлага найз нь байв.
- Хөгшин нь жаахан уучлаа. Халамцсан дээрээ чамд хэдэн үг хэлэх санаатай.
- Чи намайг буруу, зөрүү ойлгоод байдгаа болиорой хөгшөөн.
Түүний яриаг тасалж ард нь сууж явсан охин “Чи одоо чимээгүй яваач дээ, ядаргаатай юм” гэж цухалдвал
- Хүүе, яачихсан юм бэ. Би зүгээр утсаар яриад явж байна. Чамд ямар гай болсон юм
-Олон нийтийн унаанд явж байж орилж чарлаж утсаар ярихаа болиоч. Яршигтай байна.
- Чиний унаа юм уу. Чи өөрөө маскаа зүүгээч
- Миний маск зүүх зүүхгүй чамд ямар хамаатай юм, дуугүй урагшаа хар, хачин юм чинь. Ууж идсэнээ аятайхан шингээж сур, за
- Хүүе, би тэгээд уулаа гээд чамд ямар гай болсон юм.
- Дуугүй урагшаа хар. Эр юм байж шалчигнаад...
Утас дахин дугарч, найзтайгаа дуусгаагүй яриагаа үргэлжлүүллээ. Арын охиндоо сүрхий загнуулсан эр арай нам дуугаар
- Хөгшөөн, чи намайг эхнэртэйгээ хардаад байдаг юм биш үү...
- Ишшш, чааваас хардах хүнээ мөн олов оо...
- Жирэмсэн хүнийг хүндлээд барилга дээрээс буулгаад өгсөн нь миний буруу болж л дээ. Эмэгтэй хүнийг хүндлэх хэрэггүй юм байна, тийм үү
- Зайл, зайл угаасаа одоо хэрэггүй.
Түүний утас дахин дуугарсангүй. Автобус сая нам гүм болж аажуухан урагшилсаар талбай хүрлээ. Тэнд би бууж үлдэв.
Автобус бүрт гар ариутгагч байрлуулсан. Гэхдээ түүнийг хэрэглэж байгаа хүн тун ховор юм. Харин 10 дугаар хорооллоос суусан хоёр залуу гар ариутгагчаас ахиухныг авч алга хавсарлаа. Ариутгагчийн спиртнээс үүдэн нэг нь ийн ярив.
- Өчигдөр боссон чинь уусан юм гараагүй байдаг юм. Гараад давхиж явтал цагдаа зогсоогоод наадаг юм даа.
- Тэгээд яасан...
- Тэгсэн цонхоо доошлуул гэснээ, чамаас архи үнэртээд байна гэнэ. Би тэгэхээр нь гүрийгээд. Юу гэж архи уухав дээ. Сая гар ариутгагч баахан түрхчихсэн тэр л үнэртэж байгаа биз гэсэн чинь үнэртээд л байна дээ гээд болдоггүй. Тэгж тэгж гүрийж байгаад явсан шт.
- Үлээлгэхгүй байна уу
- Өвчин дамжина гээд цагдаа нар нөгөө үлээлгэдэг багажаа ашиглахгүй байгаа гэсэн шт. Тэгээд л явуулчихна лээ
Сайхан гарыг санитос аварчээ.

Өчигдөр /2020.04.02/ ажил тараад Мөнгөнзавъяагийн буудлаас мөн л Таваншар-Офицер чиглэлийн туршилтын улаан автобусанд суулаа. Хөнгөлттэй эм авахаар 25 дугаар эмийн сан ороод буцаж яваа эмээгийн байгаа байдал, яриа хөөрөө жаахан өрөвдмөөр санагдав. Хир даасан куртик, үстэй гуталтай, эмээ авсан бол уутлахаар зэхсэн жижиг тор элгэндээ тэвэрсэн энэ хөгшнийг хараад үр хүүхэд нь гэж ямар хүмүүс байдаг бол гэх бодол эрхгүй төрж суув. Эмээгийн чих рүү яваад орчихмоор жижигхэн гар утас жингэнэн дуугарч байна.
- Авч чадсангүй ээ. Санхүүжилт дуусчихсан гээд өгөхгүй байна. Өчнөөн эмийн сангаар орлоо, бүгд дуусчихсан гэнэ. Тэгээд хоосон буцаж байна.
- Одоо тэгээд хөнгөлөлтгүй л авах байхдаа. Хөнгөлөлттэй авбал 100 гаруй мянга, хөнгөлөлтгүй авбал 200 гаран мянга болдог юм аа. Бөөрнийх нь лав нэг ширхэг нь 1200 гэдэг. Одоо надад орой л уух эм байгаа. Яадагшуу юм билээ гээд л бодоод явна.
- Манай хүүхэд намайг ингэж зовж байхаар ээж минь үхсэн нь дээрдээ гэнэ ээ. Нээрээ ингэж үр хүүхдээ зовоож байхаар үхдэг ч юм уу гээд янз янзийн юм бодоод л явж байна даа.
- Мэдэхгүй, үр хүүхдээ зовоолоо гэж байгаа юм байлгүй
- Охин намайг хүүхдийнхээ бөөр мөөрийг авч яадаг юм, бөөрөө өгөхгүй гэсэн шүү дээ
- Ганцаараа явна өө. Тэр хоёр чинь надтай цуг явахаа больсон шүү дээ.
- Өмнө нь чигтэйхэн дагаад явдаг байсан. Одоо хамаг мөнгөө эмэнд өгчихдөг болсон болохоор эмнээс нь илүү гарахгүй гэж мэдээд ер дагаж явахаа больсон. Одоо ч тэтгэврээ аваад л сар хэрэглэх эмээ аваад мөнгөгүй үлддэг болсон.
- Заза би одоо Драгон дээр буугаад Баянхошуундаа суухаас
Эмээг дагаад Драгон дээр буулаа. Тэр буусан даруйдаа мод түшээд зогсчихлоо. "Та зүгээр үү" гээд очвол “Өө гайгүй дээ” гээд өөр үг сольж амжилгүй Баянхошууны автобус ирснээр би түүнийг түшиж суулгаад үдлээ.
Нээрэн үр хүүхэд нь гэж ямар хүмүүс байдаг болоод өндөр настай ээжийгээ “үхсэн нь дээр” гэж хэлдэг байна. Эсвэл ямархан заяа төөргөөр амьдарч ирсэн болоод насны эцэст “үхдэг ч юм уу дөө” хэмээн санааширж яваа юм бол доо. Ачлалгүй хүүхдүүдийн буруу юм болов уу, амьдралын хувь тохиол энэ юм болов уу.
Асар хүнд бодлоосоо “Ай даа ээж аавыгаа л амьдад нь хайрлах юм шүү” гэсэн ухаарал олж аваад гэрийн зүг алхлаа. Энэ хүрээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгаж байна. Эргэн уулзъя. Баяртай
НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ