COVID-19: Вирус тараасанд буруутган БНХАУ-аас 20,1 их наяд ам.доллар нэхэмжилжээ

Дэлхий даяар цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед зарим орнууд хохирлоо тооцон, буруутныг хайж эхэлжээ.
Үүний эхлэлийг Америкийн өмгөөлөгч Ларри Клейман тавьсан бөгөөд тэрбээр БНХАУ-аас 20 их наяд доллар нэхэмжлэн, гуравдугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандсан талаар enovosty.com/news мэдээлжээ.
Энэ нэхэмжлэлд Клейманаас гадна хүний эрхийг хамгаалах Freedom Watch байгууллага болон Техасын Buzz Photos гэрэл зургийн студи нэхэмжлэгчээр оролцож байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, нэхэмжлэлийг Хятадын Засгийн газарт төдийгүй Хятадын Ардын чөлөөлөх арми, Ухань хотын Вирус судлалын хүрээлэнд хаяглажээ.
Нэхэмжлэгчид Хятадын талыг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс хальж, АНУ-руу нэвтэрсэн COVID-19 вирусийг санаатай эсвэл санамсаргүйгээр алдсан гэж буруутгаж байгаа гэнэ. Нэхэмжлэлд COVID-19 нь "үй олноор хөнөөх биологийн зэвсэг" бөгөөд тиймдээ ч Хятад улс өөрсдийн үйлдлээр олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгажээ.
Энд дуулгахад, Лари Клейман өмгөөлөгч "үгсэн хуйвалдааны онол"-ыг баримтлагч нэгэн, Клинтоны гэр бүлийн эсрэг 18 удаа иргэний зарга үүсгэж байсан гэдгээрээ АНУ-д алдартай. Түүнчлэн Барак Обама, Жо Байдены эсрэг зарга үүсгэн, Америкийн сонгуульд Оросын тал оролцсон гэж үзэн тусгай прокурор Роберт Мюллерийг ажлаас нь халах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байв. Гэхдээ тэрбээр ихэвчлэн заргаа авч чаддаггүй аж.
Үүний зэрэгцээ, Израильд ч Хятадын эсрэг зарга мэдүүлсэн байна. Тодруулбал, "Герцлия иргэдээ хамгаална" байгууллага Хятадыг вирус тараасанд буруутган, материаллаг хохирлыг нөхөн төлөх 100 тэрбум ам.доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ.
Өмгөөлөгч Амит Саадия, Амит Гампель болон Шмуель Саадия нарын өгүүлснээр Хятадын хариуцлагагүй байдлын улмаас вирус тархсан бөгөөд нэхэмжлэлийг Израильд энэ өвчний халдвар авсан бүхий л хүмүүсийн нэрийн өмнөөс гаргасан гэнэ.
"COVID-19 дэгдсэн нь Израилийн түүхэн дэх хамгийн хүнд хямралыг үүсгэсэн. Аялал жуулчлал, агаарын тээвэр, нийтийн хоолны салбар сүйрлээ. Олон мянган бизнес эрхлэгч орлогогүй үлдэж, дампуурлын ирмэг дээр ирээд байна. Сургууль, цэцэрлэгүүд хаагдсан, ажилгүйчүүдийн тоо нэг саяд дөхөж байна. Олон зуун хүн эрүүл мэндээ алдаж, олон ч хүн амиа алдлаа" хэмээн нэхэмжлэлд өгүүлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятадын Засгийн газар одоогоор дээрх заргуудтай холбоотойгоор байр суурь илэрхийлээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ