COVID-19: Буриадад тусгаарлалтанд байгаа хүмүүсийг утсаар нь хянана

Буриадад өөрийгөө тусгаарлах ёстой, халдварын ойрын хавьтагчдыг хянах систем ажиллаж эхэлжээ. Информ полис сонины мэдээлснээр, үүрэн холбооны операторууд хэрэглэгчдийнхээ байршлын талаарх мэдээллийг холбогдох албаныханд өгөх аж.
Тодруулбал, Оросын хэрэглэгчдийн хяналтын газар бүхий л хавьтагчид болон гаднаас Буриадад ирсэн бүх хүний жагсаалтыг гаргах юм байна. Одоогийн байдлаар 615 хүний мэдээллийг хяналтын системд оруулжээ. Мөн халдвар авсан хүний явсан газруудын мэдээлэл дээр үндэслэн тэдэнтэй хавьтсан байж болзошгүй хэрэглэгчдийн жагсаалтыг гаргах аж.
Өөрийгөө тусгаарлах журмыг анх удаа зөрчсөн хүмүүст хөл хориог мөрдөх ёстойг сануулсан мессеж ирэх бол давтан зөрчил гаргавал үүрэн холбооны операторууд зөрчлийн тухай мэдээллийг Оросын хэрэглэгчийн хяналтын газар болон цагдаагийнханд өгөх юм байна.
Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 19-ний өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 120 болсон бөгөөд тэдгээрээс 37 нь эдгэрч, хоёр хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ