COVID-19: Европчууд хөл хориог сулруулахыг шаардан эсэргүүцэж байна

АНУ-д олон мянган хүн өөрийгөө тусгаарлах дэглэмийг эсэргүүцэн жагсаж, ажилдаа явах боломж олгохыг шаардан, хөл хорионы хязгаарлалтуудыг иргэдийн эрх чөлөөг зөрчсөн хэрэг хэмээн үзэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Яг ийм байдал Европын зарим орнуудад ч гарч байгаа талаар Вести мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Францын цагдаагийнхан гурван шөнө дараалан эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэнэ. Эсэргүүцэгчид цагдаагийнхан руу элдэв зүйлс шидэж, гудамжинд хогийн савнуудыг шатаах болжээ. Хамгаалалтын дуулгагүйгээр скутерээр явж бйсан 30 настай оршин суугчийн бичиг баримтыг цагдаагийнхан шалгасны төлөө Парисын дагуул хотуудад гарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн байна. Харин Тулуза хотод ямар ч шалтгаангүй, хөл хорионд уйдсан залуус үймээн дэгдээж, машин шатаасан гэж ВВС мэдээлжээ.
Испанид ч мөн өөрсдийн нөхцөлд тохируулан эсэргүүцэж байгаа гэнэ. Тухайлбал Мадрид хотын оршин суугчид тагтан дээрээ гаран сав суулга, таг, хайруулын таваг нүдэн их дуу чимээ гарган, хөл хороины нөхцлийг зөөлрүүлэхийг шаардаж байгаа аж. Энд дуулгахад, Мадрид хотод унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг сэргээсэн бөгөөд ирэх долоо хоногоос 14 хүртэлх насны хүүхдүүдийг гадаа салхилуулахыг зөвшөөрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ