Сэтгүүлч Жамаль Хашоггийн хүүхдүүд эцгийнхээ алуурчныг уучилжээ

2018 онд бусдын гарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн хүүхдүүд гэмт хэрэгтнүүдийг өршөөж байгаагаа мэдэгджээ. Мусульманчуудын тэмдэглэдэг Рамадан сарын сүүлээр тэд алуурчдыг өршөөж байгаагаа илэрхийлсэн байна.
"Амиа алдсан Жамаль Хашукжигийн хүүхдүүд болох бид эцгийг минь хөнөөсөн хүнийг өршөөж байгаагаа үүгээр илэрхийлж байна" хэмээн талийгаач сэтгүүлчийн хүү Салах Хашукжи Твиттер хуудсандаа бичжээ.
Сэтгүүлч Жамаль Хашогги 2017 оноос эхлэн АНУ-д амьдарч байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын хоёрны өдөр Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт ороод сураггүй болсон юм. Анхандаа сэтгүүлчийг хаа нэгтээ явсан гэх зэргээр түүний алга болсон баримтыг нуухыг оролдож байсан ч цаг өнгөрөх тусам Жамаль Хашогги байцаасан дуу бичлэг зэрэг шинэ баримтууд гарч ирсээр байв.
Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр сэтгүүлчийг хөнөөхөөр төлөвлөөгүй харин Саудын Араб руу албадан буцаах гэж байсан гэнэ. Эх орноосоо дүрвэсэн түүнийг Саудын Арабын эрх баригчдын эсрэг хөдөлгөөн өрнүүлэхээр бэлдэж байсан гэх мэдээлэл бий. Сэтгүүлчийн цогцосыг 2018 онд Турк дэх Саудын Арабын ерөнхий консулын байрнаас олсон бөгөөд түүнийг тамлах ажиллагааг Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Сауд аль-Кахтани болон Тагнуулын орлогч дарга асан Ахмед Асири нар зохион байгуулсан гэж мөрдөн байцаагчид үзэж байв.
Энэ хэргийг үйлдсэн таван хүнд цаазын ял оноосон бол өөр гурван хүн өнөө хэр нь шоронд хоригдож байгаа аж.
Энд дуулгахад, 59 насандаа амиа алдсан Жамаль Хашогги Саудын Арабын эрх баригчид, тэр дундаа дэд сайд болон батлан хамгаалахын сайдын албан тушаал хашдаг угсаа залгамжилсан ханхүү Мохаммед бин Салманыг ихээхэн шүүмжилдэг гэдгээрээ алдартай байв.
Сэтгүүлзүйн салбарт ажиллаж эхлэх үеэрээ тухайн үед барууныхан төдийлөн мэддэггүй байсан Осама бен Ладентай нөхөрлөдөг байжээ. Хожим нь Хашогги Саудын Араб дахь хамгийн алдартай тэрс үзэлтнүүдийн нэг болсон байна. Харин 2017 оны есдүгээр сард тэрбээр улсынхаа эрх баригчдаас "сануулга" авсны дараа эх орноо орхихоос аргагүй болж байсан гэнэ. Тухайн үед түүний дотны найзуудыг баривчилж, al-Hayat сонин сэтгүүлчийн нийтлэлийг гаргахаас татгалзаж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ