Флойдын хэрэг: Амиа алдсан эрийн дүү иргэдийг тайвшрахыг уриалжээ

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийнхны гарт амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын дүү ахынх нь үхлээс үүдэлтэйгээр орон даяар дэгдсэн эмх замбараагүй байдлыг шүүмжилжээ.
Терренс Флойд өөрөө ч ахынхаа үхэлд бухимдсан, уур бухимдлаа гаргамаар байгаа ч өөрөө болон гэр бүлийнхэн нь үймээн үүсгэлгүй, бусдыг ч ийм эмх замбараагүй байдалд оролцохгүй байхыг ятгаж байгаа хэмээн өгүүлсэн байна. Энэ талаар Regnum агентлаг дамжууллаа.
"Хотоо битгий сүйтгэ, энэ бүхэн хэнд ч хэрэггүй. Флойдын гэр бүлийнхэн ийм зүйл хийхгүй байхад та нар яагаад ийм зүйл хийж байгаа юм? Түүний гэр бүл нь үүнийг даван туулахаар хичээж, шударга ёсыг өөр замаар хайх гэж байхад та нар яагаад нийгмээ сүйдлэж байгаа юм? Та нар энэ бүхнийг дуусгаад эргээд харахад, бүх зүйлийг та нар нураасан гэдгээ олж харна. Амьдралаа чи өөрөө л нураачихлаа гэсэн үг. Тиймээс одоо зүгээр л тайвшир. Шударга ёс тогтоно" хэмээн Терренс Флойд өгүүлжээ.
Түүнчлэн ах нь энх тайвныг эрхэмлэгч байсан, тэр амьд байсан бол ийм зүйлийг харахыг хүсэхгүй хэмээн Терренс Флойд онцолсон байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Миннеаполис хотод өнгөт арьст эр Жорж Флойд дэлгүүрт хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглан гүйлгээ хийснийхээ дараа цагдаагийнханд баривчлагдах үеэрээ нас барсан юм. Баривчилгааны үеэр сэжигтэн эсэргүүцэл үзүүлсэн гэж цагдаагийнхан мэдэгдсэн бөгөөд өнгөт арьст эрийг газар хэвтүүлэн, нэг цагдаа хүзүүн дээр нь өвдөглөж, энэ үеэр Жорж Флойд "Би амьсгалж чадахгүй байна, намайг битгий алаач" гэж тусламж гуйж байгаа нь гэрчүүдийн хийсэн дүрс бичлэг дээр үлджээ. Улмаар гэрчүүд түргэн тусламж дуудахыг цагдаагийнхнаас шаардан, түргэн тусламж Жорж Флойдыг авч явсан ч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Энэ явдлаас үүдэн голдуу өнгөт арьст оршин суугчид эсэргүүцэл илэрхийлэн жагсаж, энэ нь эмх замбараагүй байдал болон хувирсан бөгөөд улмаар эсэргүүцэл, үймээн АНУ даяар өрнөөд байна.
Флойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп "нуугджээ"
Трамп: Шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ