Ё.Нямдаваа: Өөрөө өөртөө ажлын байрыг бий болгох бололцоо бүрдэнэ
“Хүүхдийг ивээх сан”-гийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренешип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваагаас төслийн талаар тодрууллаа.
-“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренешип боловсрол олгох” төслийн зорилго юу вэ?
-Ажилгүйдлийн түвшин өндөр орон нутагт оршин суугаа 14-25 насны хүүхэд залуучуудад энтрепренершип боловсрол олгох, орчин үеийн шинэлэг бизнесийн хязгаарлагдмал орчинд асуудлыг шийдэх боловсролыг хувь хүний ур чадвартай уялдуулж олгох шинэлэг агуулга бий болгох нь төслийн гол зорилго нь юм.
Сумандаа дараагийн шатны сургуульд явалгүй үлдсэн залуус, тодорхой ажлын байргүй залууст бизнесийн орчинд яаж ажиллах талаар арга барил эзэмшүүлнэ. Мөн ирээдүйн ажил хөдөлмөрт нь бэлтгэх, хувь хүний ур чадвар бусадтай харилцах, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадваруудыг хөгжүүлэх чиглэлийн агуулга байна. Энэ төсөлд хамрагдаж, агуулгыг эзэмшсэнээр хэдий бизнесийн хязгаарлагдмал орон нутаг байлаа ч өөрийн амьдрах шинэ арга замыг олох, өөрөө өөртөө ажлын байрыг бий болгож ажиллах бололцоо бүрдэнэ.
Төсөл таван аймгийн 25 суманд хэрэгжинэ. ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчид, сургууль завсардсан, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй 14-25 насны хүүхэд залуус хамрагдах боломжтой.
-Төсөл хөтөлбөр хэрэгжих аймаг, сумдыг ямар шалгуураар сонгосон бэ?
-Эдийн засгийн боломж хязгаарлагдмал, ядуурал өндөр, ажлын байр хомс зэрэг шалгуураар сонгосон. Сумдыг сонгохдоо ЕБС-ийн сургууль, хүн амын тоо зэрэг тодорхой үзүүлэлтээр сонгосон.
-Энэ төсөл хэрэгжих хугацаанд БСШУСЯ-тай хамтарч хичээлийн агуулгад оруулах уу?
-Манай сургалтын агуулгад энтрепренершип боловсрол, хувь хүний ур чадвар гэсэн сургалтын агуулга одоогоор байхгүй байна. Хичээлүүд дунд ийм үзэл санаа байгаа ч гэсэн тухайлсан хичээлийн агуулга байхгүй байгаа. Харин олон улсад түгээмэл байдаг. Ийм агуулгыг Монголын хөрсөнд буулгаад, туршаад үзье гэж байгаа юм. Төслийг хэрэгжүүлээд дуусахаар магадгүй манайд хэрэгтэй агуулга байвал бол цаашид бусад орон нутагт түгээгээд явах бололцоо бүрдэнэ. Одоо шууд энэ агуулгыг боловсролын сургалтын хөтөлбөрт оруулна гэсэн өндөр зорилт байхгүй байна.
-2021 оны хичээлийн жилээс эхлэн хичээлийн дараах сургалт хичээлээр явна гэсэн үг үү?
-Манай сургалтын одоогийн зохион байгуулалт, хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрт зарим боломжууд байгаа. Ахлах ангийн сонгон суралцах цаг, сургуулийн мэдлийн цаг байгаа. Сонгон суралцах хичээлийн хүрээнд бизнес судлалын чиглэл байдаг ч тэр цагт дээр нь хүүхдүүд сурдаг, түүнийх нь агуулга гарсан зүйл байдаггүй. Тэр хүрээнд хичээлийг оруулж болох болов уу гэж БСШУСЯ-тай ярилцаж байгаа. Нөгөө талаас сургуулийн мэдлийн цаг дээр боломж бололцоо гарах болов уу гэж бодож байна. Бүр хичээлээс гадуурх агуулга байдлаар хичээлийг оруулсан ч болно. Ямар агуулгаар явахыг туршиж, хэрэгжүүлж үзнэ.
-Олон улсад энэ төрлийн хөтөлбөр хэрэгжээд үр дүнгээ өгсөн. Манайд энэ төслийг хэрэгжүүлэхэд олон улсын зөвлөх ажиллаж байгаа юу?
-Хөтөлбөрийн агуулгыг боловсруулах чиглэлээр олон улсын болон манай улсын зөвлөхүүд ажиллаж байгаа. Энтрепренершип-д суурилсан хувь хүний ур чадварын сургалтын олон улсын зөвлөх ажиллаж байна. Мөн манай боловсрол, сургалтын агуулгын зөвлөх, боловсролын сэтгэл судлалын чиглэлийн зөвлөх, энтрепренершип боловсролын зөвлөх гэсэн дөрвөн зөвлөх ажиллаж байгаа. Нийт таван зөвлөх сургалтын агуулга, хэрэглэгдэхүүн боловсруулахаар ажиллаж байна.
-Сургалтын агуулга бүрэн боловсруулагдаж хэзээ дуусах вэ?
-Сургалтын агуулга боловсруулах ажил эхлээд явж байна. Энэ онд сургалтын хөтөлбөр агуулга, багшид зориулсан арга зүйг боловсруулах ажлуудыг хийнэ. Есдүгээр сараас урьдчилсан байдлаар хөтөлбөр агуулгаа боловсруулаад нэг суманд туршиж үзнэ. 2021 оноос үндсэн сургалтуудаа эхлэх төлөвлөгөөтэй байна.
-Төслийн хичээлийн багшийг ямар шалгуураар сонгож авах вэ? Нийт хэдэн багш ажиллах вэ?
-Нэг суманд 3-5 багш, зөвлөх гэж тооцвол нийт 125 багш зөвлөхүүд бэлтгэнэ. Зөвлөхүүдийг сонгон шалгаруулахдаа өөрсдийнх нь сонирхолд нь тулгуурлаж, бүтээлч байдлаар нь авах төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ төсөлд хүүхэд залуусыг сонгон шалгаруулж авах уу?
-Эхний ээлжинд төслөө танилцуулах ажлыг зохион байгуулна. Сонирхсон 14-25 насны хүүхэд залуус энэ хөтөлбөрт оролцох боломжтой. Энэ төсөлд хамрагдаж, сургалтад суусан хүүхэд залуус маань өөрсдөө 3-6 хүнтэй баг болоод бизнесийнхээ төслийг бичээд сонгон шалгаруулалтад оролцоно. Шаардлага хангасан багийн төсөлд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
-МҮХАҮТ-тай энэ төслийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байна. Ямар чиглэлээр хамтрах вэ?
-Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай анх удаа энэ төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ирээдүйн бизнесменүүдийг бэлтгэх, бизнесийн соёлыг орон нутагт түгээх гэх зорилго бий. Манай төслийн зорилго Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын энэ зорилготой уялдаж байна. Энэ төслийн хүрээнд аймаг сумдад төслийн зөвлөл байгуулагдах юм. Энэ зөвлөлд Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүд оролцож байгаа. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим төслийг сонгон шалгаруулах үйл явцад оролцоно. Мөн энэ танхимын гишүүн байгууллагууд сумандаа ментор болж ажиллана. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бизнесийг дэмжих олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрхэд суурилсан бизнесийн зарчмууд байдаг. Энэ зарчмуудыг бизнесийн хүрээндээ түгээхэд мөн хамтарч ажиллана гэсэн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ