Б.Дөл-Эрдэнэ: Тушаал ирвэл ямар ч тэмдэглэлт баярыг орхиод гарах үүрэгтэй

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт энэ сарын 7-ны өдрийн 16.48 цагийн орчимд гал гарсан. Дуудлагаар Нийслэлийн таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж галыг бүрэн унтраасан юм. Тэдний нэг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10-р ангийн II-р салааны захирагч, дэслэгч Б.Дөл-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИД-т гал гарсан дуудлага аваад очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн II-р салаа ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан. Нэг ээлжинд орон тоогоороо 27 алба хаагч ажилладаг. Гэсэн ч тэр өдөр 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. Галын дуудлага аваад 16:50 минутад гал гарсан газарт очоод16:52 цагт УИД-ийн зургаан давхар руу гарсан. Гал зургаан давхрын мансартнаас гадагшаа ил гарсан , маш их хэмжээний утаа гарсан байдалтай байсан.
Зургаан давхар руу ороход ертөнцийн зүгээр баруун жигүүрээр гал илүү тархсан байлаа. Тухайн үед авто механик шатаар бага дарга, ахлах ахлагч Ц.Ганзориг, ахлах ахлагч Э.Ган-эрдэнэ нар Их дэлгүүрийн баруун талаас гал түймэр унтрааж ажилласан. Их дэлгүүрийн мансартанд байсан 5 иргэнийг автомеханик шатаар авран хамгаалах ажиллагааг явуулж, гал түймэр унтраах үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж ажилласан. Нэмэлт дуудлагаар Гал түймэр түймэр унтраах, аврах 14, 18, 63, 26, 34, Нийслэлийн аврах анги, тухайн өдрийн бэлтгэл ээлж, амарч байсан бие бүрэлдэхүүнийг татаж гал түймэр унтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлж гал түймрийг 1, 3, 4, 5-н давхруудад тархан дэлгэрэхээс хамгаалж ажилласан. Гал түймэр унтраах, аврах 14-р анги урд талын хэсгийг, Гал түймэр унтраах, аврах 26-р анги баруун урд хэсэгт, Гал түймэр унтраах, аврах 63-р анги зүүн хойд буланд, Гал түймэр унтраах, аврах 18-р анги зүүн талд, Гал түймэр унтраах, аврах 34-р анги зүүн урд булан хэсэгт гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулсан.
-Их дэлгүүрийн зургаан давхраас эхэлж гал гарсан гэсэн. Энэ давхарт номын дэлгүүр байдаг санагдана.
-Зургаан давхарт бэлэг дурсгал, ном сонин шатах материал маш ихтэй байсан. Зургаан давхар бүхэлдээ шатсан.
-Өргөтгөлийг шатамхай материалаар хийсэн нь гал хурдан түгэхэд нөлөөлсөн гэсэн үү?
-Дүүжин таазнаас галын тархалт маш хурдтай тархсан. УИД-ийн нэгээс зургаан давхар хүртлээ голдоо хонгилтой учраас галын тархалтыг маш хурдан өрнүүлсэн. Зургаан давхрын таазны хэсэг шатаж дуусаад хөөсөнцөр тааз зэрэг нь доош унаж хоёр давхар руу гал алдаж орсон. Нэг, гурав, дөрөв, тав, долоон давхарт гал алдахаас сэргийлж ажилласан.
-Онцгой байдлын албан хаагчид улалзсан гал руу шууд орж байгааг харсан. Та нарын хамгаалалтын хувцас хэр найдвартай вэ?
-Галд тэсвэртэй материалаар хувцас хэрэгслийг хийдэг учраас маш сайн.
-Аюултай нөхцөл байдал, гал руу ороход сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Гал түймрийг байгаа хэмжээнд нь богино хугацаанд унтраах, цааш тархаахгүй байх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, аюулгүй байдлаа ханган ажиллах ёстойгоо өөртөө сануулдаг. Аливааг аварч хамгаалж байгаа болохоор айдасгүй байдаг.
-Техник хүчин чадлыг нэмэгдүүлэхээр харагдаж байсан. Танай албаны гал унтраах автомашин гэхэд хэдэн жил болж байна вэ? Хамгийн сүүлд хэзээ шинэчилсэн бэ?
-Машин техник хэрэгслийг ээлж дараагаар нь шинэчилж байгаа. Хамгийн сүүлд 2019 онд Тусгай зориулалтын автомашин техник тоног төхөөрөмжөөр хангасан байгаа.
-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Хоёр ах маань тухайн үеийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангид аврагч гал сөнөөгчөөр ажилладаг байлаа. Багаасаа ах нарыгаа харж бахархаж, ахынхаа ажил дээр нь очдог байсан. Тиймээс энэ мэргэжилд дурлаж сонгосон. Би 2010 оноос хойш ажиллаж байна. 2010 онд ажилд ороод дөрвөн жил ажиллаад Дотоод хэргийн их сургуульд суралцаж төгсөөд 2018 онд Төв аймагт томилогдсон. Тэндээс ЧД-ийн ОБХ-ийн гал түймэр унтраах, аврах 10-р ангид шилжиж ирээд ажиллаж байна.
-Анхны галын дуудлага хаана байв? Ямар мэдрэмж төрж байсан бол?
-Маш их сандарч байлаа. Анх ажилд ороход багш гэж туршлагатай алба хаагчдыг томилж өгдөг. Багшаасаа гал унтраах арга зүй, мэргэжлийн ур чадвар, сэтгэлзүйн бэлтгэлээ бэлдэж авдаг даа. Ер нь олон жил ажилласан туршлагатай алба хаагчаасаа суралцдаг.
-Хамгийн олон хоногоор ажиллаж байсан галын дуудлага гэвэл?
-Төв аймгийн Мөнгөнморьт суманд гал түймэр гарахад 14 хоногоор явж ажиллаж байсан.
-Аврагчдын ар гэрийнхэн сэтгэлийн хаттай байдаг байх гэж боддог. Ажлын хүнд нөхцөлийг тань ойлгох уу?
-Эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань Төв аймгийн яаралтай түргэн тусламжийн их эмчээр ажилладаг. Бид сая тавдугаар сард бага хүүхдээ өлгийдөн авлаа. Том охин маань таван настай.
Гэр бүлийнхэн маань ч надтай хамт онцгойд ажиллаж байгаа мэт бэлэн байдаг. Ажил албыг минь маш сайн ойлгодог. Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаараа хамт байхыг бодно. Гэхдээ бид тангараг өргөсөн. Ямар ч тэмдэглэлт баяр, амралт байлаа ч тушаал аваад л явах үүрэгтэй.
-Мэргэжил бүхэн сайхан. Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Биднийг онцгой байдал гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэн гэдэг. Иргэдийг авран хамгаалах, гал түймрийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж аварч хамгаалж байгаадаа их баярлаж бахархдаг. Энэ л мэргэжлийн минь хамгийн сайхан зүйл юм. Тэсвэр хатуужилтай дотроо бодолтой дороо суурьтай байх хэрэгтэй.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ