АНУ: Флойдыг сүүлчийн замд нь үдэв

Тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийнхны гарт амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдыг сүүлчийн замд нь үдэх ёслол талийгаачийн төрөлх хот болох Хьюстонд болсноор дуусч, түүнийг оршуулсан талаар CNN мэдээллээ.
Хьюстон хотноо болсон ёслолд өнгөт арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэгч, баптист санваартан, Барак Обамаг Ерөнхийлөгчийн албан тушаалд байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан Альфред Чарльз Шарптон үг хэлсэн байна. Түүнчлэн ёслолдп АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч асан Жо Байден, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Эл Грин, Шейла Жексон болон Хьюстон хотын дарга Сильвестр Тернер гэсэн өндөр албан тушаалтнууд оролцжээ.
Оршуулгын ёслолын үеэр Байден "Флойдын оршуулга бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалгүй, шударга ёс тогтох цаг үе юм" хэмээсэн бол Хьюстон хотын дарга зургадугаар сарын есний өдрийг "Жорж Флойдын өдөр" гэж зарлажээ.
"Бид түүнийг төгс байсан болохоор хүндэтгэж байгаа хэрэг биш харин бид бүгд амьсгалж чаддаг байхын тулд тэр сүүлчийн амьсгалаа авсаных нь төлөө бид түүнийг хүндэтгэж байна" хэмээн Тернер мэдэгджээ.
Энэ ёслолын дараа Флойдын цогцосыг Перленд хот дахь оршуулгын газар ээжийнх нь булшны хажууд оршуулсан байна.
Эргэн сануулахад, 46 настай өнгөт арьстан Жорж Флойд тавдугаар сарын 25-ны өдөр Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийнханд баривчлагдсан юм. Энэ үеэр нэг цагдаа түүний хүзүүн дээр өвдөглөж, Флойд амьсгалж чадахгүй байгаагаа хэлсэн ч түүнийг тавилгүй, улмаар Флойд амь насаа алдсан юм. Баривчилгааг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг эсэргүүцлийн жагсаалын эхлэл болж, АНУ даяар эсэргүүцэл тэмцэл үймээн болон хувирсан бол өнгөрсөн долоо хоногоос дэлхийн бусад улс орнуудад ч энэ тэмцэл өрнөж эхлэсэн.
АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв?
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ