CREW: Трампын хүү Монголд ан хийхдээ төсвөөс 77 мянган доллар үрсэн

2019 оны зун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Монголд аялахдаа татвар төлөгчдийн мөнгөнөөс 77 мянга орчим доллар үрсэн гэж Америкийн Citizens for Responsibility and Ethics in Washington (CREW) байгууллага мэдэгдсэнийг CNN дамжууллаа.
Бага Трамп Монголд аялан, устаж үгүй болох аюултайд тооцогдож буй нэн ховор амьтан болох аргалийг агнахаар явах үеийн зардал нь 17 мянган ам.доллар болсон гэдгийг батлах баримтыг АНУ-ын нууц алба гуравдугаар сард гаргаж байсныг дээрх байгууллага сануулсан байна. Гэхдээ нэмэлт баримтуудыг судлахад дээрх үний дүн 60 мянган доллараар их буюу 77 мянган ам.долларыг татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан гэдэг нь тодорхой болсон хэмээн CREW мэдэгджээ.
Түүнчлэн, Трампын хүүгийн Монголд хийсэн аялал хоёр эргэлзээтэй нөхцлийг агуулах бөгөөд үүний нэг нь, тэрбээр ховор амьтныг агнасны дараа нь зохих зөвшөөрөл гарсан явдал, мөн Трампын хүү Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өнөө хэр байхгүй гэдгийг CREW онцолсон байна.
Бага Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай үнэхээр уулзсан эсэх талаарх мэдээллийг CNN агентлаг лавласан ч Трампын хүүгийн төлөөлөгч энэ асуултад хариулаагүй байна.
Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү өнгөрсөн зун Монголд аялах үеэрээ нэн ховор амьтан агнасан нь холбооны хуулийг зөрчсөн байж болзошгүй гэх асуудал 2019 оны 12 дугаар сард АНУ-д хүчтэй яригдаж эхэлсэн юм. Тодруулбал, Америкийн амьтны эрхийг хамгаалагчид бага Дональд Трамп Монголд аялах үеэрээ нэн ховор амьтан агнаж, АНУ руу нэвтрүүлсэн нь ан амьтан худалдаалахтай тэмцэх холбооны хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв.
Харин бага Трампын төлөөлөгч ангийн зөвшөөрөлтэй холбоотой зөрчил гаргасан гэдгийг үгүйсгэж байсан юм. Түүнчлэн 2015 онд Үндэсний буудлагын холбооны дуудлага худалдаанаас ангийн аяллын зөвшөөрлийг авсан, ан хийх бүхий л зөвшөөрлийг хууль ёсны дагуу бүрдүүлсний дээр бүх зардлаа өөрөө гаргасан хэмээн мэдэгдэж байв.
Трампын хүү Монголд нэн ховор амьтан агнасан асуудлыг шалгана
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ