COVID-19: ОХУ-д хүн амын "сүргийн дархлаа"-г судална

Оросын гурван бүс нутагт COVID-19 вирусийн сүргийн дархлааг судлах ажил энэ сард эхэлнэ гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.
Энэ судалгааг Хабаровскийн хязгаар, Санкт-Петербург, Тюмень гэсэн гурван бүс нутгаас эхлүүлэх бөгөөд эрүүлл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж, бүс нутгуудын эмнэлгийн байгууллагуудын оролцоотойгоор хийх аж.
"Судалгаанд нэг ойгоос 17 хүртэлх насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийг насаар нь зургаан бүлэг болгон ангилж хамруулахаар болсон" гэж Оросын Хэрэглэгчийн хяналтын газар мэдэгдсэн байна.
Судалгаанаас гарсан дүн тухайлсан бүс нутгуудад болон Орос даяар тахлын нөхцөл байдал хэрхэн өрнөх таамаглалыг боловсруулах боломж олгох гэнэ. Түүнлчэн судалгааны үр дүнг ашиглан коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг төлөвлөх аж.
Энд дуулгахад, Оросын нийт хүн амын 60 хувьд нь коронавирусийн дархлаа суувал энэ вирусийн тархалт зогсох магадлалтай гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгдэж байлаа. ОХУ ийнхүү сүргийн дархлааг судлахын зэрэгцээ вакцин туршилтын ажлаа эхлүүлсэн бөгөөд туршилтад орох сайн дурын хүмүүс бүрдэж дууссан гэж зургадугаар сарын 10-ны өдөр ТАСС агентлаг мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, энгийн иргэд болон цэргийн алба хаагчдаас бүрдсэн сайн дурын хоёр бүлэг коронавирусийн вакцины клиникийн туршилтад орох аж.
Туршилтад оролцох хүмүүсийг эмнэлгийн үзлэгт хамруулан, 14 хоногийн тусгаарлалтад оруулсан байна. Дараа нь тэдэн дээр Оросын эрдэмтдийн гарган авсан вакциныг турших гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ