Н.Мандах: Бид яллах дүгнэлтээ гардаж аваагүй
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн ч өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан юм.
Шүүх хуралдаан товын дагуу өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 26-нд товлосон байна. Энэ талаар өмгөөлөгч Н.Мандах мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Өмгөөлөгч Н.Мандах:
-Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, энэ сарын 26-нд товлолоо Урд авсан таслах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Хөдөө орон нутагт ажилтай, шүүх хуралдаан давхцаж байгаа гэсэн үндэслэлээр өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан. Миний зүгээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэсэн хүсэлт тавьсан ч шүүхээс хүсэлтийг хүлээж авсангүй.
-Сонгуулийн тухай хуульд заасан заалт хамаарахгүй болж байна уу?
-Харамсалтай зүйл боллоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шүүхээс авч хэлэлцэхгүй юм байна. Яагаад гэвэл дараагийн шүүх хуралдаан сонгуулийн дараа буюу 26-нд болох учраас тэр.
-Өнгөрсөн долоо хоногт Н.Номтойбаярын өмгөөлөгч н.Одонтунгалаг Улсын дээд шүүхэд хандсан асуудал юу болсон бэ?
-Улсын дээд шүүхээс хүлээж авах боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн.
-Өмгөөлөгч нар хоорондоо ойлголцохгүй байгаа юм уу? Өмнөх шүүх хурал мөн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон?
-Өмгөөлөгч нарын хооронд үл ойлголцол үүсээгүй. Өмгөөлөгч тухайн үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа. Энэ сарын 11-нд болсон хуралдаанаар талуудын саналыг сонсохгүйгээр энэ сарын 17-нд хурал товлосон. Зарим өмгөөлөгчид хөдөө орон нутагт ажилтай байгаа бол зарим өмгөөлөгчийн хурал давхцаж байна. Тиймээс шүүгдэгч нар өөрийн сонгосон өмгөөлөгчидтэйгээ шүүх хуралдаанд оролцоно гэсэн байр суурийг илэрхийлсэн учраас шүүх хуралдаан хойшлогдож байна.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан мэдээллээр өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулсан гэсэн мэдээлэл өгсөн?
-Шүүхэд хэргийн оролцогч хүсэлт л гаргадаг. Үүнийг шүүх, тухайн шүүх хуралдааныг даргалж байгаа шүүгч тухайн хуралдаанаар хүсэлт болон бусад нотлох баримтын үндсэн дээр шүүх шийдвэрлэдэг. Өнөөдөр өмгөөлөгч нарын гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээж авлаа.
-Ямар хэргийн шүүх хуралдаан болж байна вэ?
-Энэ ойлголт нийгэмд бүрхэг байна. Н.Номтойбаяр миний үйлчлүүлэгчид хамааралтай Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан үндэслэлээр буруутай гэж улсын яллагч яллаад оруулж ирлээ. Гэхдээ бид яллах дүгнэлтээ гардаж аваагүй байна. Яллах дүгнэлтэд бичигдсэний дагуу ямар хэрэгт буруутгагдаж байгаа гэдгээ одоогоор мэдэх бололцоо байхгүй.
Албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг зүйлчлэл байгаа. Үүнд ямар асуудал хөндөгдөж байна гэхээр Н.Номтойбаяр тухайн үед ХНХЯ-ны сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж улсын яллагч, прокурорын зүгээс үзэж байгаа юм. Гэтэл энэ байдалд өмгөөлөгч нар эсрэг байр суурьтай байгаа.
Тухайн үед сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу сайд шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл зорилтот бүлэгт өгч байгаа төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулахдаа улсын яллагдагч нарын буруутгаж байгаа гол үндэслэлд "Банкны хүүгүйгээр, банкаар дамжуулалгүй өгсөн" гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Энэ хэрэг дээр хохирол төлбөрийн асуудал байхгүй. Засгийн газрын хуралдаанд энэ асуудал шийдвэрлэгдээд эрх бүхий албан тушаалтан нь хуулийн дагуу шийдэж өгсөн асуудал. Яагаад гэхээр 2017 онд Н.Номтойбаяр гэсэн гарын үсэгтэй сайдын тушаал байгаа. 2019 онд С.Чинзориг сайдын тушаал мөн адил байна. Үг, үсэг өгүүлбэрийн ямар ч зөрүүгүй. Энэ нөхцөл байдалд хүнийг буруутгаж болох уу гэсэн асуудлыг тавьж байна.
-Энэ хэрэг дээр шүүх хуралдаан явагдаагүй юу?
-Энэ хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэг шүүхэд шилжсэнээс хойш мөрдөгчийг дарамталсан гэсэн үндэслэлээр шүүх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Шүүхээс албан ёсоор мөрдөгчийг дарамталсан баримтыг үзүүлээгүй. Хэрэв баримт байгаа бол нээлттэй тавь. Бичлэгийг тавих эсэх тухай асуудал хөндөгдвөл Н.Номтойбаярын гар утсыг чагнаж байгаа асуудал хөндөгдөнө. Хоёр хүний харилцан асуудлыг нэг нь нөгөөгөө дарамталсан гэж үзэж болохгүй.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ