Залууст сонгууль өгөх эрх нь нээлттэй байна уу

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцож санал өгөх эрхтэй иргэдийн 42.2 хувийг 35 болон түүнээс доош насны залуус эзэлж байна гэжээ. Гэвч өмнөх оны сонгуулиудад хамгийн идэвх муу байсан сонгогчид бол дээрх насны иргэд буюу залуу үе юм.

 

Залуусын сонгуулийн ирцэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг нь шилжин суурьшилт болон бүртгэлийн асуудалтай салшгүй холбоотой гэдгийг Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдээллээ. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн нийт иргэдийн дийлэнх нь залуус буюу 20-39 насны иргэд ба эдгээр иргэдийн хамгийн багадаа тал хувь нь хотод албан ёсоор бүртгүүлж чаддаг байна. Энэ нь шилжин ирэгсэд ирсэн даруйдаа оршин суух газраа сонгох, бичиг баримтаа шилжүүлэх, ОСГ-ны хороонд бүртгүүлэх зэрэгт хугацаа алддагттай холбоотой байна. 

 

 

Сонгуулийн тухай хуульд "Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт сонгууль өгөх эрхтэй"-г заасан байдаг. Гэвч залуучууд энэ эрхээ дээр дурдсан олон шалтгаанаар эдэлж чадахгүй байна. Жишээ нь, Ховд аймгаас 2 жилийн өмнө нийслэлд шилжин ирсэн иргэн Б сонгууль өгч, иргэний үүргээ биелүүлэхийн тулд мянга гаруй км хол, бүртгэлтэй хэсэгтээ очиж байж саналаа өгөх эрх нь нээгдэж байна.

 

Ийм шалтгаанаар сонгууль өгөх эрх нь нээлттэй бус залуучууд олон байна. Зөвхөн 2018 оны байдлаар хөдөө орон нутгаас нийт 26.735 иргэн Улаанбаатар хотод шилжин иржээ. Эдгээр иргэдийн хамгийн багадаа 13 мянга нь бүртгэл хийгдээгүйн улмаас сонгуульд оролцож саналаа өгч чадахгүй болж байна гэсэн үг. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгаагаар шилжигчдийн насны бүтцийн тархалтыг ажиглахад ихэвчлэн залуу, хөдөлмөрийн насны хүн ам байна. 

 

Төв суурин газар байнга оршин суудаг хүн амтай харьцуулахад шилжигчдийн боловсролын түвшин дунджаар өндөр байгаа. Энэ нь залуучууд сурч боловсрох боломжоор илүүтэйгээс гадна их, дээд сургуульд боловсрол эзэмшихээр шилжих хөдөлгөөнд илүү оролцож байгааг харуулжээ.

 

 

Шилжигчдийн 38 орчим хувь бүрэн дунд боловсролтой байгаа бол тэдний 23 хувь нь их, дээд боловсролтой, түүний дотор бакалавр, магистрын зэрэгтэй хүмүүс байна. Энэ тоо баримт нь шилжигчдийн дийлэнхийг залуучууд эзэлж, ахмад насны хүмүүстэй харьцуулахад, боловсрол эзэмших боломжоор илүү, мөн мэргэжил үйлдвэрлэл, их дээд сургуульд суралцахын тулд шилжилт хөдөлгөөнд илүүтэй оролцож байгааг нотолж байна. 

 

Тодруулга: Шилжигч өрх гэдэг нь 3 жилийн хугацаанд шилжих хөдөлгөөнд оролцсон, шилжин суурьшсан газартаа 180 ба түүнээс олон хоногоор оршин сууж байгаа өрхийг хэлдэг байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ