АНУ: Монголын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна

Монгол Улсад болж өнгөрсөн парламентын сонгуулийг АНУ өндрөөр үнэлж байгаагийн дээр энэ улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаа талаар АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.
"Монголын ард түмэн зургадугаар сарын 24-ний өдөр парламентын сонгууль явуулах эрхээ хэрэгжүүлснийг АНУ дэмжиж байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын "гуравдагч хөрш" стратегийн түнш байна гэдгээрээ бид бахархаж байна. Дараагийн Засгийн газар түншлэл бий болгон ажиллах, ардчиллын үнэ цэн, Монгол Улсын тусгаар байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх ажил хийж эхлэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ.
Энд дуулгахад, Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоож байв. Улмаар 1988 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэж, дараа жил нь буюу 1989 оны гуравдугаар сард Вашингтон хотноо МУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэж байсан юм.
2018 онд АНУ, Монгол Улсын харилцааг "өргөтгөсөн иж бүрэн түншлэл"-ийн харилцаа болгон өргөжүүлсэн.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ