Т.Ганболд: Дахин сонгууль явуулаад ялагдвал би хүлээн зөвшөөрье

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар бие даан нэр дэвшигчид мэдээлэл хийлээ.
Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Т.Ганболд:
-Бид 2012 оноос хойш санал тоолох хар машиныг ашигласан, энэ сонгогчдын итгэлийг бүрэн хүлээж байсан удаагүй. Гэхдээ энэ удаад ч мөн хуулийн дагуу хар машиныг ашиглалаа. Энэ жил маш олон бие даагчид өрсөлдсөн. “Намыг биш хүнийг нь харна” гэдэг зарчмаар иргэд сонголтоо хийх нь таамаглал судалгаагаар ил болж байсан. Миний хувьд сурталчилгааны 21 хоног тасралтгүй ажиллаж, ард иргэдтэй хийсэн бүх уулзалт маань бичигдэж, баримтжсан байгаа. Намайг дэмжиж байсан, өрсөлдөгч намууд ч намайг нэгээр гарч ирнэ гээд хүлээн зөвшөөрчихсөн байсан. Харамсалтай нь дан ганц бие даагч нар дээр таслал оронгийн формат орж ирсэн явдал боллоо.
Үүнийг өнөөдрийн хууль, эрхзүйн хүрээнд ТЕГ шалгах үүрэгтэй. Харамсалтай нь энэ байгууллага өнөөдөр эрх баригчдын, Ерөнхий сайдын мэдэл дор байдаг. Тиймээс би өнөөдөр У.Хүрэлсүхэд "Та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж яваа Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол увайгүй үйлдэл хийсэн энэ хүмүүстэйгээ хариуцлага тооц. Хууль бус үйлдэл гарсан тойргууд дээр дахин сонгууль явуул. Яг энэ үйлдлээс л таны шударга ёсны төлөөх тэмцэл эхэлнэ. Та зөвхөн намын дарга биш Монгол Улсын Ерөнхий сайд юм. Үүнийг Ерөнхийлөгчид ч хандаж хэлмээр байна. Та өнөөдөр МАН-ын биш, хуулийн дагуу намаасаа түдгэлзсэн 3,2 сая хүний Ерөнхийлөгч. Дахиад сонгууль явуулъя. Тэгээд үнэхээр тоологдоод ялагдвал би итгэе хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ