COVID-19: Москвачуудын 20 хувь нь "сүргийн дархлаа"-тай

Зургадугаар сарын 5-18-ны хооронд хийсэн сүргийн дархлааны судалгааны гуравдугаар шатны дүнгээр москвачуудын 20 хувь нь коронавирусийн сүргийн дархлаатай гэсэн дүн гарчээ. Энэ судалгаанд 90 мянга гаруй хүн оролцсон байна.
Энэ судалгаа хийхээс сарын өмнө шинжилгээнд хамрагдсан москвачуудын долоон хувь орчимд эсрэг биет илэрч байсан талаар Москва хотын орлогч дарга Анастасия Ракова мэдэгджээ.
"Эсрэг биетийн тоон утга нэмэгдэж байна, нэн тэргүүнд эсрэг биет үүсч байгааг илтгэдэг G иммуноглобулиний утга нэмэгдэж байна. Түүнчлэн G эсрэг биет ихтэй хүмүүсийн тоо өсч байна, ойролцоогоор 50 гаруй хувь нь ийм эсрэг биеттэй гэсэн дүн гарсан" гэж Ракова мэдэгджээ.
Энд дуулгахад, сүргийн дархлааны судалгааг Хабаровскийн хязгаар, Санкт-Петербург, Тюмень гэсэн гурван бүс нутгаас эхлүүлсэн юм. Судалгаанд нэг ойгоос 17 хүртэлх насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийг насаар нь зургаан бүлэг болгон ангилж хамруулсан байна. Судалгаанаас гарсан дүн тухайлсан бүс нутгуудад болон Орос даяар тахлын нөхцөл байдал хэрхэн өрнөх таамаглалыг боловсруулах боломж олгох гэнэ. Түүнлчэн судалгааны үр дүнг ашиглан коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг төлөвлөх аж.
Оросын нийт хүн амын 60 хувьд нь коронавирусийн дархлаа суувал энэ вирусийн тархалт зогсох магадлалтай гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ