У.Хүрэлсүхийн "дахин сэргэлт"-ийн Засгийн бүрэлдэхүүний СУРАГ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ боловсруулан Ерөнхийлөгчид өргөн бариад байгаа. Шинэ Засгийн газар Ерөнхий сайдтай нийлээд 19 сайд, 15 яамтай байхаар боловсруулагджээ. Тэргүүн шадар сайд, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам, Соёлын яамыг нэмснээр өнөөдрийн Засгийн газрын бүтцээс гурван сайд, хоёр яамаар тэлсэн байна.
Хуулийн дагуу УИХ-д өргөн барьж, бүтцээ батлуулсны дараагаар Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилно. Гэсэн хэдий ч шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар таамаглал нэгэнтээ дэгдсэн. Өнгөрсөн парламентад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёсыг тогтоох ардын Засаг байгуулснаа зарлаж байсан бол энэ удаад “Ирэх дөрвөн жил бол Монголчууд бидний хувьд хийж эхэлсэн ажлаа дуусгасан, амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, ажилгүйдэл ядуурлыг бууруулсан, ажлын байрыг нэмэгдүүлсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн он жилүүд байх болно” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон. Тиймээс олон нийт дахин сэргэлтийн Засгийн газрын бүрэлдэхүүнд анхаарлаа хандуулж, мэтгэлцээд эхэлсэн.
Хямралын энэ үед төсвийг хэмнэх үүднээс дэд сайд, агентлагийн дэд даргын орон тоог хасч, яамдад мэргэшсэн боловсон хүчнийг томилох талаар гишүүд байр сууриа илэрхийлээд эхлэсэн. Гэхдээ улс төрийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй тохироонд хүрэхээс томилгоо хамаарна гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй, УИХ-аас хамааралгүй болсон ч улс төрийн өнөөдрийн нөхцөлд Ерөнхийлөгчтэй албан зөвшилцөл хийхээс гадна улс төрийн тохиролцоонд хүрэх шаардлага тулсан. Тиймээс У.Хүрэлсүхийн танхимд Ерөнхийлөгч дөрвөн квот байна гэх яриа ч гарсан.
Ямартай ч одоогийн байдлаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд дараах таамаглал явж байна. Үүнд:
- Тэргүүн шадар сайд Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа
- Шадар сайд Д.Тэрбишдагва, С.Амарсайхан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Б.Оюун-Эрдэнэ, Н.Учрал
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Д.Цогтбаатар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Б.Өнөрбаяр /ХНХЯ-ны ТНБ-ийн дарга/
- Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн сайд Б.Энх-Амгалан /Ерөнхий сайдын зөвлөх/
- Батлан хамгаалах сайд Ж.Энхбаяр, Н.Энхболд
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /дэд сайд/
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Б.Баярсайхан
- Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Хаянхярваа
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Я.Содбаатар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Д.Тэрбишдагва
- Эрчим хүчний сайд П.Ганхүү /экс сайд/
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Соёлын сайд Г.Ганбаяр /дэд сайд/
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ