Хойд Солонгост 1200 хүн COVID-19 тест өгчээ

Цар тахал эхэлснээс хойш БНАСАУ-ын 1200 гаруй иргэн коронавирусийн тест өгчээ. Энэ талаар Пхеньян дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Эдвин Сальвадороос авсан эх сурвалжтайгаар Regnum агентлаг мэдээллээ.
ДЭМБ-ын төлөөлөгч Эдвин Сальвадорын өгүүлснээр өнөөдрийн байдлаар 700 орчим хүн хөл хорионд байгаа бөгөөд тэд бүгд Хятадтай хил залгаа Даньдун-Синыйжу эдийн засгийн чөлөөт бүс болон Шар тэнгис дэх Намхо боомтын ажилтнууд гэнэ. Долдугаар сарын 9-16-ны хооронд коронавирусийн тест өгсөн хүмүүсийн тоо 100-аар, хөл хорионд байх хүн 86-аар нэмэгджээ.
Тест өгч байгаа хүмүүсийн тоо өссөн нь Хятад дахь нөхцөл байдал хурцадсантай холбоотой бөгөөд БНАСАУ-ын эрх баригчид Хятадтай хил залгаа бүс нутгуудад тахлын хяналтыг чангатгасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ