Ким Жон Ун дүүдээ зарим эрх мэдлээ шилжүүлжээ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бүрэн эрхийнхээ зарим хэсгийг дүү Ким Ё Жондоо шилжүүлсэн гэж Өмнөд Солонгосын тагнуулынхан баталж байгаа талаар ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, засаглал бүхэлдээ Ким Жон Уны гарт байгаа ч удирдагчийн стрессийг нэмэгдүүлэхгүйн тулд төрийн бодлогын зарим асуудлыг түүний ойрын хүрээллийнхэн хариуцахаар болсон гэж Өмнөд Солонгосын тагнуулынхан үзэж байгаа аж. 

 

Өмнөд Солонгосын тагнуулчдын үзэж байгаагаар, Ким Ё Жон АНУ, БНСУ-тай холбоотой БНАСАУ-ын бодлогыг хариуцах болсон бөгөөд БНАСАУ-ын улс төрийн бүтэц дэх хоёр дахь хүн болсон гэнэ. Гэхдээ тагнуулчдын энэ мэдээлэлтэй шинжээчид төдийлөн санал нийлэхгүй байна. Тухайлбал NKNews портал, наймдугаар сард Ким Жон Уны дүү эмэгтэй хоёр чухал хуралд суугаагүй, үүний дараа албан тушаал нь буурсан гэсэн мэдээлэл гарсан гэдгийг онцолжээ. 

 

Ким Ё Жон гэж хэн бэ?

 

Ким Ё Жон бол Ким Жон Уны дүү, гэр бүлийн бусад гишүүдээсээ илүү ахдаа ойр байдаг гэж хэвлэлүүд мэдээлдэг.

 

Тэрбээр 1987 онд төрсөн, ах Ким Жон Уны хамт Швейцарт сурч байжээ. Өмнөд Солонгост зочилсон Хойд Солонгосын эрх баригчдын анхны гишүүн болсноор 2018 онд олон улсын хэвлэлүүд түүнийг анзаарч эхэлсэн юм. Ким Ё Жон тухайн үед Өвлийн олимпын наадмын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд энэ наадмаар Өмнөд болон Хойд Солонгос нэгдсэн багтайгаар оролцож байв. 

 

Түүнчлэн тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хятадын дарга Ши Жинпинь болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай хийсэн уулзалт зэрэг олон улсын дээд хэмжээний уулзалтан дээр байлцаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ