Өвөр Байгалын сургуулиудад амны хаалт зүүх журам үйлчлэхгүй

ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт буурахгүй байгаа ч Өвөр Байгалын сурагч болон багш нар сургуулийн танхимд амны хаалт зүүхгүй гэж бүс нутгийн Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Светлана Лапа мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.
Түүний өгүүлснээр, хэдийгээр амны хаалт зүүх журам үйлчлэхгүй ч анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж, халуун хэмжиж оруулах гэнэ. Мөн анги тус бүр тухайлсан нэг л танхимд хичээл орохын дээр сургууль дотор явах хөдөлгөөнийг багасгах аж.
"Өвчилсөн хүмүүсийн ихэнх нь насанд хүрэгчид гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс сургуулийн нээлтийн үеэр насанд хүрэгчид хүүхдүүд дунд байх хэрэггүй. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатган, зай барих журам хэрэгжүүлж, ажлын цагийг багасгана" хэмээн Светлана Лапа өгүүлсэн байна.
Regnum агентлагийн мэдээлснээр, Өвөр Байгалын хязгаарт тахлын нөхцөл байдал аажмаар сайжирч байгаа гэнэ. Наймдугаар сарын 25-ны өглөөний байдлаар тус бүс нутагт эдгэрсэн хүний тоо 4100-д хүрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ