АНУ: Эмх замбараагүй байдлын үеэр автосалоныг галдан шатаажээ
2020-08-26

Америкийн Висконсин мужид өнгөт арьст эрийг цагдаагийнхан буудсан нь АНУ-д ээлжит эмх замбараагүй байдлыг үүсгэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 

 

АНУ: Өөр нэг өнгөт арьстан цагдаад буудуулж, дахин нэг эсэргүүцэл дэгдэв


Кеноша хотод цагдаагийнханд буудуулсан, 29 настай өнгөт арьст Жейкоб Блейк бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гэж түүний эцэг хэвлэлийнхэнд мэдээлжээ.Түүнийг машиндаа суух үеэр цагдаагийнхан буудсан гэх бөгөөд галт зэвсэгний шархны улмаас түүний дотор эрхтнүүд гэмтсэн аж. Блейкийг эмчлэхийн тулд хүмүүсийн хандивын аян өрнөүүлж, цугларсан мөнгө хэдийнэ 500 мянган ам.долларыг давсан талаар ВВС мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг эмнэлэгт хүргэсний дараа мэс засал хийсэн байна. Висконсин мужийн хуулийн хэлтэс хэргийн газарт байсан цагдаагийнхныг албанаас нь чөлөөлжээ. Гэхдээ цагдаагийнхны нэрийг зарлаагүй бөгөөд түүнчлэн буудахаас өмнө ямар үйл явдал болсон талаар ч мэдээлэл өгөөгүй байна. Гагцхүү цагдаагийнхан ахуйн маргааны дуудлагаар хэргийн газарт ирсэн гэж мэдээлжээ.

 

Блейкийн гэр бүл цагдаагийнхны хүчирхийллийн золиос болсон хэргүүд дээр ажилладгаараа алдартай өмгөөлөгч Бенжамин Крампыг хөлсөлсөн байна. Крампын өгүүлснээр Блейк гэр бүлийн маргааныг зохицуулахад тусалсан ч цагдаагийнхан түүн рүү буу чиглүүлж, цахилгаан бороохойгоор цохьсны дээр, машиндаа сууж байсан гурван хүүгээ шалгахаар машинруугаа очих үед нь Блейкийг буудсан байна. 

 

Энэ үйл явдлыг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархснаас хойш Висконсин муж даяар эсэргүүцлийн арга хэмжээ өрнөж, эмх замбараагүй байдал наймдугаар сарын 25-нд ч үргэлжилжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, эсэргүүцэгчид галдан шатааж, эвдлэн сүйтгэж эхэлсний улмаас мужийн захирагч онц байдал тогтоон, Үндэсний гвардынхны тоог нэмэхээр болсон байна. 

 

Өнгөрсөн хоёр хоногт жагсагчид автосалоны барилга, зогсоол дээр байсан 100 орчим автомашиныг галдан шатаажээ. Урьдчилсан мэдээллээр, жагсагчид автосалоны зогсл дээр байсан нэг автомашины цонхыг хагалан шатамхай бодистой сав шидсэн бөгөөд гал гарч, зэргэлдээх машинууд шатаж эхлэн, улмаар автосалоны барилга ч шатсан байна. Энэ хэргийн улмаас олон машин, тэр дундаа BMW 5-Series, Mercedes-Benz S-Class болон  Range Rover зэрэг өндөр өртөгтэй машинууд ч шатжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин