Коронавирус үржихийг зогсоох чадвартай витаминыг олжээ

img

Энэтхэгийн Манипалын дээд боловсролын академи болон Биотехнологийн бүс нутгийн төвийн эрдэмтэд В12 витамин нь вирусийн ачаалал болон COVID-19 халдварын хүндрэлийг бууруулах чадвартай гэдгийг тогтоожээ. Энэ талаар Известия сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмгэг үүсгэгчийг хуулбарладаг, SARS-CoV-2 геном дахь онцгой ферментийг В12 витамин дарангуйлдаг аж. Эрдэмтэд үүнийг компьютер загварчлалын тусламжтайгаар тодруулсан бөгөөд COVID-19 вирусийн үед В12 витамины үр ашгийг батлахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай гэдгийг онцолсон байна. 

 

SARS-Cov-2 геном нь  вирусийн үржлийг хариуцдаг nsp12 уурагтай байдаг аж. Байгалийн бүтээгдэхүүнүүд болон эм бэлдмэл дундаас ямар молекулууд дээрх nsp12 уургийг идэвхжлийг дарангуйлах боломжтойг судлан, дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Тиймээс В12 витамины онцгой төрөл болох метилкобаламиныг өвчтөнүүдэд өгөхийг уриалжээ.

 

"Эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд эсвэл хууч өвчинтэй хүмүүс зэрэг эрсдлийн бүлгийнхэнд халдвар авах эрсдлийг бууруулах, эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэхэд энэхүү бодисыг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой" гэж Энэтхэгийн эрдэмтэд онцолжээ.

 

Харин Оросын эрдэмтэд Энэтхэгийн эрдэмтдийн энэхүү дүгнэлтэд болгоомжтой хандахыг уриалсан байна. Москвагийн Физик, техникийн дээд сургуулийн биофизикийн тэнхимийн доцент Олег Батищев Известия сонинд ярилцлага өгөхдөө "компьютер загварчлал дээр тулгуурласан судалгаа нь бүрэн дүүрэн болж чадахгүй, анхан шатны урьдчилсан судалгаа" гэдгийг онцолсон байна.

 

Сеченовын их сургуулийн дархлаа, харшил судлалын тэнхимийн эрхэлчг Александр Карауловын өгүүлснээр дээрх судалгааг хийсэн эрдэмтэд нь Энэтхэгтээ ихээхэн алдартай, загварчлал дээр тулгуурлан судпалгаа хийдэг нэртэй биологчид гэдгийг онцолсон байна.

 

Гэхдээ дархлаа судлалын үүднээс авч үзвэл В12 витамины үр ашиг батлагдаагүй байгаа гэнэ. Тиймээс эмч нар вирусийн эсрэг эм болгон энэ витаминыг өвчтөнүүдэд ашиглаж болохгүй гэдгийг Караулов онцолжээ. 

 

Энд дуулгахад, В12 витамин нь элэг, үхэр, гахайн мах, хонины мах болон өндөг, цацагт хяруулын цээж маханд ихээр агуулагддаг юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ