Г.Удвал: Монгол Улсад аммиакийн шүү дэлбэрэх аюул үгүй

Ливан улсын нийслэл Бейрут хотод болсон аммонийн нитрат (ammonium nitnate) гэх тэсрэх бодис дэлбэрсний улмаас 100 гаруй хүн нас барж тус улсад хүнд гарз, хохирол тохиосон. Манай оронд ч аммиак зэрэг тэсэрч, дэлбэрэх бодис хадгалагддаг бөгөөд хий алдагдаж хүн хордсон тохиолдол гарч байсан. Эдгээр бодисын аюулгүй байдал, хадгалалтын горимд хэрхэн хяналт тавьдаг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалаас тодрууллаа.
-Ливан улсад аммонийн нитрат гэх бодисын хадгалалтын горим алдагдсанаас болж дэлбэрэлт үүссэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Манай улсад ч энэ төрлийн бодис алдагдсан тухай мэдээлэл дуулддаг. Тухайлбал, өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн мах боловсруулах үйлдвэрт аммиак алдагдаж дөрвөн хүн хордож байсан. Танай байгууллагаас тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалтын горим, стандартад ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Манай оронд аммонийн нитрат буюу аммиакийн шүү (ammonium nitrate) гэж тэсэрч дэлбэрэх бодисын суурь түүхий эд бий. Монгол Улсад химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, ашиглах, экспортлох, импортлох, хил дамжуулах тээвэрлэх гээд журам байдаг.
Монгол Улсад мөрдөгдөж буй MNS64582014 гэсэн агуулахын стандартыг баримталдаг. Үүнд бодисыг хадгалах агуулах нь ямар стандарт шаардлагыг хангах ёстойг тусгасан байдаг. Энэ бодис гал хурдан авалцдаг учраас битүүмжлэл сайтай, хуурай сэрүүн, агааржуулалт бүхий газар, хүчилд тэсвэрт шалтай агуулахад хадгалах ёстой. Хуурай цагаан өнгөтэй талст бодис нь үнэргүй байдаг.
-Энэ бодисын зориулалт нь юу вэ?
-Үүнийг ихэвчлэн уул уурхайн тэсэлгээнд суурь хэрэгсэл болгон ашигладаг. Мөн хөрсөнд зохих хэмжээгээр бордооны зориулалтаар ашиглаж болно.
-Манайд энэ бодисыг албан ёсны зөвшөөрлөөр ашигладаг хэчнээн компани байдаг вэ? Хадгалах агуулах нь хаана байрладаг вэ?
-Агуулахад суурьшлын бүсээс хол байх, 24 цагийн харуул хамгаалалт, хяналтын камер, дохиолол систем, гэрэлтүүлэгтэй байх гэх мэтийн стандартууд тавьдаг. Үүнийг ханган ажлаа явуулж буй зөвшөөрөл бүхий Очир-Ундраа, Илч түлш, Мера зэрэг зургаан компани гадаад орноос аммиакийн шүүг импортолж байгаа. Эдгээр компаниуд үүнийг уул уурхайн тэсэлгээний хэрэгслийн суурь бодис болгож хэрэглэдэг. Тэдгээр нь бүгд хуулиа баримтлан зарчмаа чанд мөрддөг бөгөөд агуулахууд Налайх дүүргийн газар нутагт байрладаг.
-Манай улсад ч аммиак хадгалж буй агуулах байгаа учраас дэлбэрэлт болох вий гэсэн болгоомжлолыг Ливан улсын жишээ төрүүлсэн. Агуулахууд аюулгүй хадгалалттай тул айдасгүй байж болох уу?
-Манай улс гаалиар оруулж ирэхээс эхлээд тээвэрлэн зөөх гээд бүх зүйлд нарийн хяналт тавьдаг учраас энэ төрлийн дэлбэрэлт болдоггүй. Тээвэрлэх журам нь хүртэл чанга. Тусгай маршрут зааврын дагуу л явж болох бөгөөд энэ үүргийг тээвэрлэж буй жолоочид даалгадаг.
Хилээр 40-60 тонн орчмыг л оруулж ирж байгаа. Үүнийгээ дотооддоо эргэлдүүлж хэрэглэдэг. Манай оронд их хэмжээгээр хураах, хадгалах нөхцөл байхгүй. Зөвхөн дээрх зургаан компани үйлдвэрлэлийнхээ хэмжээнд л хэрэглэн хэрэгцээндээ эргэлдүүлэхэд боломжийн хэмжээ гэж үздэг. Заримдаа шалгалт хийгээд очихоор 4-5 тонн үлдсэн эсвэл байхгүй, бараа нь ирээгүй байх явдал ч байдаг. Тиймээс манай орон харьцангуй тайван, айдас багатай байдаг.
Нэмэлт мэдээлэл:
Аммиак NH3 - өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий. Агаарын даралтанд -33,19°C-д буцалдаг, -77,75°C-д хатуурдаг. Аммиак болон агаарын холимог нь тодорхой нөхцөлд тэсрэх боломжтой. Усанд сайн уусдаг. 20°C-д нэг эзлэхүүн усанд ойролцоогоор 700 дахин их аммиак уусдаг. Ийм уусмлыг усан аммиак гэж нэрлэнэ.
Ердийн температурт аммиак нь тогтвортой, 1200°C-с дээш температурт задарч, устөрөгч ба азотыг үүсгэдэг. Катализаторын орчинд аммиакийн задрал 300°C-с эхэлдэг. Аммиак нь урвалын идэвхтэй, хүчилтэй урвалд орж давс, нүүрсхүчлийн давхар исэлтэй урвалд орж шүвтэр зэргийг үүсгэдэг бол цагаан алтан болон бусад зарим нэг катализаторын орчинд азотын ислийг үүсгэн исэлддэг.
Хэрэглээ:
Аммиак нь азотын хүчил болон азотын бордооны (аммонийн нитрат, шүвтэр, аммонийн сульфат, нийлмэл бордоо г.м.) түүхий эд. Шингэн аммиак нь өөрөө маш өндөр концентрацитай бордоо юм. Аммиакийг капролактам, синилийн хүчил, шүү, тэсрэх бодис, техникийн давсууд зэргийг үйлдвэрлэхэд, мөн хөргөлтийн техникт хөргөгч бодис болгон ашигладаг. Аммиак нь органик синтезд өргөн ашиглагддаг.
Эх сурвалж: Википедиа
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ