М.Мөнх-Эрдэнэ: Цахилгааны төлбөр их гарсан нь хөршдөө хулгайлуулсан байж болно

Эрчим хүчний үнэ өнгөрсөн онд дөрвөн удаа нэмэгдсэн. Харин энэ онд дахин нэмэгдээгүй ч айл өрхүүдийн зарим сарын хэрэглээ өмнөх сараас илүү гарч байгаа талаар иргэд гомдол гаргасаар байгаа. Энэ асуудлын хүрээнд “УБЦТС” ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн ахлах инженер М.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хөл хорионы үед цахилгааны төлбөрийн алдангийг тооцохгүй байх журам гарсан. Иргэд цахилгааны төлбөрөө хугацаанд нь хийж байна уу?
-УБЦТС нь нийтдээ 400 мянга гаруй өрхөд цахилгаан түгээдгээс 70 орчим хувь нь тогтмол төлөлтөө хийдэг. Энэ цар тахлын үед төр засгаас алданги тооцохыг хязгаарласан. Тийм болохоор энэ үед алданги тооцохгүй байгаа. Хөл хорио тавигдаж хүмүүсийн ажил хөдөлмөр буцан эрчимжих үед алданги тооцож эхэлнэ.
-Ер нь 30 орчим хувь нь цахилгааны төлбөр дээр алданги тооцуулдаг гэсэн үг үү?
-Иргэд цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцдог. Энэ нь мөнгөө төлөхгүй удааж болохгүйг сануулах зорилготой. Хүмүүс банкны зээл төлөлтийн хугацаа хэтрэхээр сандарч энд тэндээс их мөнгө хайж гүйдэг хэр нь 30 мянга орчим төгрөгөөр хэрэглэсэн цахилгааны мөнгөө өгье гэж яардаггүй.
-Зуны амралтаараа хүмүүс зусландаа гардаг. Гэтэл цахилгааны мөнгө нь 10 мянга гаруй төгрөг гарсан гээд бухимдалтай айлууд байна. Эзэнгүй айлын цахилгааны мөнгө яаж бодогддог вэ?
-Ийм маргаан гарах нь их. Энэ тохиолдолд цахилгааны мөнгө гарах 3 хүчин зүйл байж болно. Нэгдүгээрт, хажуу айл цахилгаан хулгайлсан байж болно.
Хоёрдугаарт, тухайн айлын бичилтийг өмнөх сарын 20-нд хийсэн байхад ирэх сарын нэгнээс хөдөө явсан байлаа. Тэр сардаа бүтэн байгаагүй байж болно. Гэхдээ өнгөрсөн сарын 20-оос явсан сарын нэгнийг хүртэлх хугацааны цахилгааны төлбөр бичигдэнэ шүү дээ. Хүмүүс сайн ойлгохгүй байх тал бий.
Гуравдугаарт, манай гэрлийн байцаагч тоолуур бичих үед буруу зөрүү харах алдаа гарч болно. Мөн бичилт хийхээр очоод хүнгүй, тоолуурыг нь харах боломжгүй бол маргааш нь үлдсэн айлаа дуусгахдаа дахин очдог. Тухайн айлын тогны заалтыг бичих ямар ч боломжгүй бол сүүлийн гурван сарын дунджийг программаар гаргаж ирдэг. Гарсан дүнгээр нь цахилгааны мөнгийг тооцно. Гэхдээ энэ нь ямар ч алдагдалгүй. Дараа сард тог хэрэглэхээр, төлөх тогны мөнгөнөөс хасаж бодоод гаргачихна.
-Хажуу айл цахилгаан хулгайлсан байж болно гэлээ. Гэр хороолол, орон сууц алинд нь гарч байна уу. Орон сууцны айл цахилгаанаа хулгайлуулж байгаагаа яаж мэдэх вэ?
-Гэр хорооллын айл цахилгааны утсаа газар доогуур татсан байснаас нь салаалуулж тогийг хулгайлж байгаа хэрэг гардаг. Үүний адил орон сууцны айлууд хөрш айлдаа цахилгаанаа хулгайд алдах тохиолдол бий. Айлууд цахилгаанаа хулгайлуулж байгаагаа мэдэх их амархан. Бүх юмаа салгаад хэдэн хором тоолуурын анивчдаг гэрлээ ажиглах хэрэгтэй. Хуучин тоолуур цахилгаан ашиглахаар цагийн зүү шиг эргэлддэг байсан бол одоо бидний ашиглаж байгаа шинэчлэгдсэн тоолуур нь гэрлээ анивчуулдаг. Тухайн айл цахилгаан ашиглаж буй тохиолдолд улаан гэрэл анивчуулна. Ашиглаагүй тохиолдолд гэрэл анивчих ёсгүй. Мөн цахилгаан их хэмжээгээр хэрэглэж байвал хурдавтар анивчих ба бага зарцуулж байвал хэсэг азнаад нэг анивчих жишээтэй.
-Тоолуурын бичилт хийж байхад гэрийн эзэн давхар хянах боломжтой юу?
-Өөрсдөө харах ч боломжтой. Гэрлийн байцаагчаа нэг удаа ирж бичилт хийхэд нь яаж хардгаа заалгаж аваад тэрнээс хойш давхар өөрөө хянаад байж болно.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ