Чөлөөлөх дайн ба тусгаар тогтнолын үнэ цэнэ

img

 

Оросын холбооны улсад есдүгээр сарын гуравны өдрийг Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр гэж тэмдэглэж байна. Өмнө нь есдүгээр сарын хоёрны өдөр тэмдэглэдэг байсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путины зарлигаар энэ жилээс дайн дууссан өдрийг есдүгээр сарын гуравны өдөр тэмдэглэхээр болсон юм. Есдүгээр сарын хоёрны өдрийг Монголд Чөлөөлөх дайны ялалтын өдөр гэж нэрлэдэг. "Чөлөөлөх дайн"-ы ойг тэмдэглэхдээ Зөвлөлт нөхдийн хамт нийтийн дайсныг хамтдаа дарсан, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан, хөрш улсынхаа газар нутгийг чөлөөлж өгсний бахархал болгон тэмдэглэдэг баярт өдөр билээ.

 

Дэлгэрүүлбэл, Япон Монгол Улсын хилийн ойролцоо цэргийн хүчийг хуримтлуулж, Хаалган, Рашаан, Жанчхүүгийн (Чжанцзя коу) даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьсан байв. БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчиж, элдэв гүтгэлэг тарааж, Хятад, Өвөр Монголын ард түмнийг Монголын эсрэг хандуулах гэж оролдож байжээ.


Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхыг тагнан судалж Манжуур дахь Квантуны арми (БНМАУ-д халдан довтолсон Японы цэргийн харгис бүлэглэл)-ийг бэхжүүлж дайдахаар бэлдэж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахын төлөө Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргийг харгалзан БНМАУ-ын Засгийн газар 1945 оны VIII сарын 10-нд Японд дайн зарлав. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар командалжээ.


Одоогоос 75 жилийн тэртээ болсон энэхүү Чөлөөлөх дайнд 21 мянга 384 монгол цэрэг оролцжээ. Үүнээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслол есдүгээр сарын хоёрны өдөр Офицеруудын ордонд боллоо. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа” хэмээн цохон тэмдэглэсэн юм.


1976-1980 онд Чойрт алба хаасан Зөвлөлтийн цэрэг Ахлах дэслэгч А.Олейник гэх офицерын хэлснээр Говьсүмбэр аймгийн нутагт байх “Цэргийн алдрын хөшөө”-г ялалтын баярын 30 жилийн ойд зориулан босгосон тухай цахим хуудсан дахь найздаа бичсэн захидлаас уншиж байв. Ийм байдлаар тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх сүрлэг хөшөө сүндэрлэхүйц эх чөлөөг авахын тулд тэмцсэн тэмцэл нь 1650-аад оноос эхлэн 1946 он хүртэл хэд хэдэн үе шатаар явагдсан юм.

 

Энэ тусгаар тогтнолыг авахын төлөө чөлөөлөх дайнд оролцсон явдлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн дарга, Доктор Т.Сүхбаатар хэлэхдээ:


-Чөлөөлөх дайн нь Халх голын дайнаас илүү ач холбогдолтой. Учир нь бид Халх голын дайнд ялсан ч тусгаар улс болж чадаагүй. Харин 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор  тусгаар улс болох замаа нээж чадсан. Энэ дайны үр дүнгээр 1945 оны 10-сар сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулсанд 100 хувийн саналаар Монгол Улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн.
Энэ дайнд оролцсон хэд хэдэн улс төрийн нөхцөл шалтгаан байдаг. Монголчуудын эртнээс салсан ах дүү Өвөр Монголтойгоо нэгдэж нэгэн улс болох улс төрийн том зорилго тавьсан. Энэ зорилго биелэлтээ олоогүй ч тодорхой хэмжээний ололтод хүрсэн. Мөн энэ дайныг дуусгаснаар дэлхийн хоёрдугаар дайны ялагч гүрэн гэх байр суурийг авсан. Энэ нь биднийг НҮБ-д элсэх том алхам болсон. Учир нь нийтийн дайсны эсрэг хүн төрөлхтний холбогдолтой ялалтыг байгуулсанд НҮБ гишүүнээр элсүүлэхдээ татгалзах зүйлгүй гэж үзсэн гэдгийг есдүгээр сарын хоёрны өдөр Оросын соёл шинжлэх ухааны төв дээр болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр онцолж байлаа.


Дэлхий даяар цар тахал дэгдэж, хаа сайгүй хорио цээр тавигдсан энэ үед түүхэн үйл явдлын тэгш ойг өргөн дэлгэр тэмдэглэх боломж төдийлөн байсангүй. Гэлээ ч Монгол Улс Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг ахмад дайчдаа хүндэтгэн, хойч үедээ түүхэн үйл явдлыг таниулах чиглэлээр багагүй арга хэмжээ зохион байгуулсан юм. Дуу хуур ч эгшиглэж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав. ЦДБЭЧ нь 1932 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цэргийн төлөөлөгчдөд анхныхаа тоглолтыг толилуулснаар одоогийн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээл эхэлсэн түүхтэй. Тус чуулга нь 1945 оны чөлөөлөх дайны талбарт гавьяа байгуулсан дайчид, чөлөөлөгдсөн нутгийн иргэдэд урлагаар үйлчилсэн цорын ганц байгууллага юм.  

 

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
монголын төр эцсийн удаа монголчуудаа нэгтгэхээр зүтгээд үзсэн гэхдээ цаг нь болоогүй байждээ
2020-09-04
irgen:
toloolol bolgood baihdaa yadgiin be????!!!!!! 78han hyn yldsen baihad ....iim saihan gavyatai daichid dahij hezeech torohgui ...bygdiig ni gert ni ochij gavyag ynelj shagnal umaa ogoochee !!!!!!!!!!!!!!!!!!!!!
2020-09-03