Тихановская: Беларусын эсэргүүцэл зогсохгүй
2020-09-04

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа өнөөгийн эрх баригчдад хангалттай дарамт үзүүлж байгаа бөгөөд энэ эсэргүүцлийн ажиллагаа зогсохгүй гэнэ. Энэ талаар Беларусын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан сөрөг хүчний төлөөлөл Светлана Тихановская NHK агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

 

"Бидний хүч хүмүүст байгаа юм. Бид өдөр бүр зохион байгуулж байгаа арга хэмжээ эрх баригчдад хангалттай дарамт шахалт үзүүлж байгаа. Бидний эсэргүүцэл хэзээ ч зогсохгүй" хэмээн Тихановская мэдэгджээ.

 

Харин Беларус руу буцах талаарх сэдэв хөндөхөд тэрбээр Беларуст аюулгүй байна гэдэгтээ итгэлтэй болвол "хамгийн эхний галт тэргээр л явчихмаар байна" хэмээжээ. Гэхдээ "Миний зүрх сэтгэл Беларусын ард түмэнтэй хамт" хэмээн онцолсон байна.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар 26 дахь жилдээ төр барьж буй Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулсан нь беларусчуудын дургүйцлийг төрүүлж, сонгуулийн хэсгүүд хаагдсан даруйд иргэд олноор цуглан эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлсэн юм. Эсэргүүцлийн ажиллагаа өнөө хэр үргэлжилж байгаа бөгөөд дахин сонгууль явуулахыг шаардсан беларусчуудын шаардлагыг барууны орнууд ихээхэн дэмжиж байгаа.

 

Өчигдөр буюу есдүгээр сарын гуравны өдөр Беларуст эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж, тус улсад оршин суух британичууд болон бусад гадаадын иргэд беларусчуудтай эв санаа нэг байгаагаа илэрхийлэн, гартаа цагаан-улаан-цагаан өнгийн далбаа барин жагсжээ.

 

Мөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр энгийн иргэдийг жагсаалд оролцсоных нь төлөө баривчилсан хэвээр байгаа талаар "Весна" хүний эрхийн байгууллага мэдээлснийг DW агентлаг дамжуулсан байна. Тухайлбал есдүгээр сарын гуравны өдөр Минск хотноо Оросын Элчин сайдын яамны орчмоос Минскийн хэл шинжлэлийн их сургуулийн багш Валентина Голубева баривчлагджээ. Тэрбээр ЭСЯ-ны гадаа "ОХУ дарангуйлагчийг дэмжихгүй байх нь хамгийн том тус" гэсэн бичиг барин ганцаарчилсан эсэргүүцэл илэрхийлж байгаад ийнхүү баричлагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин