“Анги бүрт тусгаарлах өрөө гаргаж өгсөн”

img

 

Дэлхий дахинд цар тахлын хүрээнд  1.71 тэрбум сурагчид гэрээсээ хичээлээ үзсэн. Тэгвэл манай улсын хувьд ёсдүгээр сарын нэгнээс  эхлэн сурагчдын хичээлийг долоо хоногийн гурван өдөр оруулахаар болсон.  Энэ талаар сургуулиуд  онцгой байдлын үед хэрхэн хичээллэж байгаа талаар сурвалжиллаа.

 

Хичээлдээ явахыг тэсэн ядан хүлээсэн сурагчид хичээлдээ явах болсондоо туйлын их баяртай байгаа нь мэдээж. Гудамжаар хаа сайгүй дүрэмт хувцас өмссөн, үсээ өнгө өнгийн үсний боолтоор боож, цүнх үүрж алхах хүүхдүүд, зарим нь аав ээжээрээ цүнхээ үүрүүлэн алхана. Тэд харин том хүмүүсээс илүү маск зүүгээд сурчихаж, идэж байсан зайрмаа хурдхан гэгчин идчихээд маскаа зүүж байв.        

         

Улаанбаатар хотод хоёр давхар автобус явж эхэлсэн. Түүнийг сонирхохоор эмээтэйгээ хичээлээ тараад харих гэж буй  ах дүү хоёртой таарав. Автобусанд ороод л “эмээ хурдан дээшээ нь гарч сууя аа” гэж дахин дахин хэлнэ.  Тэд автобусны цонхоор орчин тойрныг ажиглангаа “Эмээ маргааш манай хичээл орох билү ү, болдог бол би өдөр болгон хичээлдээ явмаар байна. Би маскаа сайн зүүгээд багшийнхаа үгэнд сайн орно оо”  хэмээн ярина.  Харин эмээ нь түүнд санаа зовж буйгаа хэлнэ. Учир нь шинэ төрлийн өвчнөөс болоод хүүхдүүддээ санаа зовж, гадуур аль болох гаргахгүй байхыг хүсэх эцэг эхчүүд цөөнгүй.

 

Сургуулиуд хичээллэхдээ танхимын зохион байгуулалт болон, хүүхдүүдэд ямар шаардлага тавьж хичээллэж  байгаа талаар Улаанбаатар хотын лаборатори 23 дугаар сургуулийг зорилоо.Сургуулийн үүдэнд  “school  police” болох хоёр эцэг эх зогсож гадны хүн оруулахгүй хэмээн хаалганы хажууд зогсоно. Сургуулийн үүд хэсгийг  харвал хоорондын зай барин зогсох тэмдэглэгээ газарт нааж, сургуулийн хашааны үүдэнд Covid-19 өвчнөөс сэргийлэх талаар зөвлөмж болон   танхимын сургалтын талаар бичсэн байлаа.

 

Бага ангийн  хичээл тарахтай зэрэгцээд очсон болохоор “Явуухулангийн” цэцэрлэгт хүүхдүүдээ хүлээн  зогсох аав ээж нар харагдана. Эцэг эхчүүдийг анги танхим руу оруулахгүй гэсэн журмаар ажиллаж байгаа учраас  тэр. Усан оргилуурыг харж, энэ тэнд гүйлдэн шуугилдах хүүхдүүд. Хөл хорионд тэд хичээлдээ  явахыг  маш их хүлээсэн хүлээлттэй жил байлаа. Удалгүй маск зүүсэн нэг эгнээнд цувран алхах хүүхдүүд гарч ирэв.  Хамгийн урд багш алхах ба ардаас нь 3В анги гэсэн цаас барисан охин алхана. Эцэг эхчүүд багшаас  хамгийн түрүүнд гадаад хэлний хичээлийн талаар асууж байгаа сонсогдоно. Монгол Улсын зөвлөх багш Ариунаагаас   зарим зүйлийг тодруулан асуулаа.

 

-Нэг ангид хэдэн хүүхэд хичээллэж байгаа бэ?  Хүүхдүүд суух хоорондын зай хэд вэ?

 

-Нэг ангидаа 20-25 хүүхэд хичээллэж байгаа. Манай анги нийт 50 гаруй хүүхэдтэй учраас гурван ээлжээр орж байгаа. Хүүхэд суух хоорондын зай 1.5 метр.

 

-Хүүхэд сургуульдаа орохоос өмнө халуунаа үзүүлээд орж байгаа ч хичээллэж байхдаа,  халуурах тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?


-Анги бүрт тусгаарлах өрөө гаргаж өгсөн байгаа. Үүний дараагийн арга хэмжээ авч ажиллана. Мөн энэ жилээс хөгжмийн хичээл, биеийн тамирын хичээл орохгүй байгаа учраас  багш нар маань туслах үйл ажиллагаанд оролцож ажиллаж байгаа талаар онцлон ярилаа.

 

84 дүгээр сургууль руу очиход аль хэдийн хичээл тарчихсан байв. Гадаа нь дөрөвдүгээр   ангийн хоёр сурагчтай таарч  хичээл нь ороод ямар байгаа талаар асуухад. “Хичээл орохыг маш их хүлээсэн.  Хичээл нэг сараас хойш ороогүй болохоор найзуудыгаа хараагүй  удсан учраас их санасан.  Би бас багшийнхаа хоолойг саначихсан байсан” хэмээн инээлдэн ярьсан юм.

Б.Энхжаргал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ