Малайз хоригдлуудыг ажилд дайчилжээ

Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас Малайзын самрын тосны үйлдвэрлэл ажиллах хүчний хомсдолтой нүүр тулжээ. Улмаар ажиллах хүчгүй болсон үйлдвэрлэгчид хоригдлуудыг ажиллуулахаар болсон талаар Bloomberg мэдээллээ.
Дал модны тосны үйлдвэрлэл бол аюултай, ихээхэн хүч хөдөлмөр шаардсан ажиллагаа юм. Хэдийгээр амьдрах байр, бусад тэтгэлгээр хангах амлалт өгдөг ч нутгийн иргэд энэ салбарт ажилладаггүй, тиймээс Бангладеш болон Энэтхэгээс ирсэн цагаачид нийт ажилчдын 80 хүртэлх хувийг эзэлдэг аж.
Малайз бол Индонезийн араас бичигдэх, дал модны тосны томоохон үйлдвэрлэгч орон юм. Дэлхийн үйлдвэрлэлийн 28 хувь, дэлхийн экспортын 33 хувийг энэ улс дангаар хангадаг аж. Цар тахал эхлэхээс ч өмнө Малайзд 36 мянган ажилчин дутагдаж байсан бол коронавирусийн дэгдэлтээс үүдэн Малайз улс энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийнхээ гуравны нэг хүртэлх хувийг алдах эрсдэлтэй байгаа гэнэ.
Вирус тархах эрсдэлтэйн улмаас хил хаагдсан, тиймээс гадаадын ажилчдыг хөлслөх боломжгүй болжээ. Тиймээс үйлдвэрлэгчид гадны ажилчдыг орлох хүч хайж, шоронгийн хоригдлуудыг хөлслөх болсны дээр хар тамхины хамааралтай хүмүүсийг нөхөн сэргээх төвүүдээс ч ажилчин авах бодолтой байгаа гэнэ. Гэвч энэ санаа төдийлөн хэрэгжээгүй, засгийн газраасаа тусламж хүсчээ.
Энд дуулгахад, дал модны тосыг олон улсын томоохон компаниуд хөвөн, уруулын будгаас эхлээд угаагч шингэн хүртэл олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг. Харин экологичид тос авах зорилгоор дал мод ургуулах нь ойг ихээр тайрч, нэн ховор амьтад мөхөх шалтгаан болж байна хэмээн үздэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ