ВИДЕО: Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхийд таниулах ажлыг хэрэгжүүлэх ёстой

img

 

Монгол Улс анх удаа өвлийн спортын ордонтой болох гэж байгаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүтээн байгуулалтын ажил, түүний төлөвлөгөөтэй танилцлаа.

Гэрэл зургийг MPA.mn

Өвлийн спорт ордон нь нарны цахилгаан эх үүсвэртэй бөгөөд ордны ердийн эрчим хүчний хэрэглээ нь 98 квт юм.  Ордонд нар шууд тусаж болохгүй. Нарнаас сэргээгдэх эрчим хүч авахаар төлөвлөж буй бөгөөд энэ нь дотор гэрэлтүүлгийн 70 хувийг хангах юм. Сэргээгдэх эрчим хүч ашигласан спортын барилга босгож байгальд ээлтэй байлгахыг хичээж байна гэж тус бүтээн байгуулалтын багийнхан хэллээ. Үүнээс гадна С2 агаар мандалд нийлэхээс сэргийлж ялгарах утааг багасгах юм. Ингэснээр 374 насанд хүрсэн хүний бүтэн жил амьсгалах хүчил төрөгчийг шатаалгүйгээр үлдээж чадахаараа өвлийн спортын ордны байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл аж. Энэ барилгыг барихад 28 компанийн 340 орчим ажилчин хамтарч буй юм.

Ордны гэрлийг Америкийн “Муско” компаниас танхимын зориулалтын гэрлийг авахаар төлөвлөжээ. Уг гэрэл нь бүх спортын тоглолтуудад ашиглагдахаас гадна гэрлэн цэнгүүний зориулалттай.  Тайзны гол дахь дэлгэц нь зар сурталчилгаа, тоглолтын агшинг давтах, онооны самбарын зориулалтаар ашиглагдана. Одоогоор 2600 хүний суудалтай. Энэ тоог дээгүүр нь нэмэн хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэдэд зориулан үзэгч дунд нь байршил гаргана. Энэ нь тэдэнд тусгайлан суудал бэлдэж тусгаарлахаас татгалзаж үзэгчид дунд нь байлгахыг зорьжээ. Тухайн хүнийг сэтгэл зүйд бас эерэг нөлөөтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө бүх давхарт бий. Зураг төслийг Япон улсаас авч хийжээ. 

 

Манай сагсчдын хүсэл мөрөөдөл нь мэргэжлийн шал, шийд хоёр байдаг. Үүнийг нь Америк улсаас авчирч байгаа. Мөн циркийн үзүүлбэр тоглох боломжтой. Урлаг спортод зориулсан дуу шингээдэг ханатай болно. Үүний тулд хөвөн тавьж дээр нь дулаан тусгаарлагч хавтан хийнэ. Ингэхээр дуу шуугиан цуурайтахгүй. Спорт цогцолбороос гадна урлагийн ордон юм. Мөн явцын дунд хөрөнгө нэмэгдвэл гадна талд нь өвөл зунгүй гулгадаг хиймэл мөсөн гулгуур хийх аж.

 

Өвлийн спортын ордны байгууламжтай танилцсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Спортын төв ордны ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр:

 

-Соёлын яамыг тусад нь гаргаж, спортын салбарыг Ерөнхий сайдын дэргэд авч ирсэн. Биеийн тамир спортын улсын хороо гэж хуучин нэрийг нь өгсөн. Ерөнхий сайдад харьяалагдан шууд харьцаж ажиллах ёстой. Энэ бол Монгол Улсаас биеийн тамир спорт, соёл урлагтаа тавьж буй анхаарал юм. Төрийн захиргааны байгууллагын статусыг дээшлүүлж Биеийн тамир спортын улсын хороог байгуулсны учир шалтгаан энд оршиж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир спортын салбарт гурван үндсэн зорилт тавьсан. Нэгдүгээрт, биеийн тамир спортын үйлчилгээг хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тогтолцоо юм. Өнөөдөр спортын цогцолборуудад очиж үзлээ. Төр хувийн хэвшлийн хүрээнд олон цогцолбор баригдаж ашиглалтад ороход бэлэн болж буй бахдалт явдал тохиолоо. Хоёрдугаарт, Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулах сурталчлах аргыг хэрэгжүүлэх ёстой юм. Олон улсын жишигт нийцсэн спортын бүтээн байгуулалт болсон гэсэн зорилтын хүрээнд бид хамтран ажиллах ёстой. Энэ 2021-2024 онуудад спортын томоохон бүтээн байгуулалтад ихээхэн анхаарч ажиллана гэдгээ хэлье. Төлөвлөлтөө сайн хийж, эхлүүлсэн ажлаа дуусгадаг байх чухал. Төв суурин газар болон аймгийн төвүүдэд спорт цогцолбор босгоно гэлээ.

Э.Үүрийнцолмон

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ