ХҮН БАЙ: Багшийн минь үлдээсэн ШАРХ...

Олон жилийн өмнөх багшийн минь хэлсэн муухай үгс үе үе дахин санагдаж, дотор урж, энэ хөндүүр шархаа яахаа мэдэхгүй түр хойш тавьсан тэр үед "Хүн бай" хөдөлгөөн өрнөв. "Хүн бай" гэж юу гэсэн үг юм, хүн байхын тулд ямар байх ёстой юм? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний хувьд хүн байх гэдэг нь бусдыг хайрлах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, үг болон үйлдлээр бусдыг хүчирхийлэхгүй байх. Үүнийгээ зөвтгөхөөр өөрт тохиосон таагүй, бусдад бол төдийлөн гомдохооргүй мэт санагдах хоёр тохиолдлыг хуваалцахаар шийдэв.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө тулгуур эрхтний бэрхшээлтэй ч бусдын адил сурдаг, цовоо сэргэлэн охин өөр сургуульд шилжив. Тэр дүүргийн сургуулийн тохижилт гоё, хүүхдүүд нь ч гоё, ер нь л гоё. Гэхдээ танил орчноос хөндийрч, намайг үргэлж хайрладаг байсан багш нараасаа холдсон нь нэг тиймхэн. Намайг харваас бэрхшээлтэй болохоор ч тэгсэн үү эсвэл өнчин хүн өөнтөгч гэгчээр би ч өөрөө тэгж бодсон уу, гадаад хэлний гэх зэрэг цөөнөөс бусад багш нар төдийлөн ойшоохгүй. Ямартай ч би тэр байдлыг нь хүндээр хүлээж авсаар нэг л өдөр намайг бүрэг, таг дуугүй болгон хувиргах явц нэг мөр шуудрав.
Тэр өдөр. Химийн хичээлийн шүүлэг дээр уран зохиолын багш яагаад ч юм сууж байсан юм. Шүүлгээ тааруухан өглөө. Химийн багш " Нарантуяа минь дээ, чи чинь яагаад л хичээлдээ муудаад байна даа?" гэж санаа зовнингуй асуухад дуугүй л шал гөлөрч зогсов.
Яг энэ үед миний насан туршдаа гомдож, өширхөж, өөртөө итгэлгүй болох шалтаг болж байсан үгс хадах нь тэр. "Хэммм, энэ нэг юм муугаа мэдэхгүй хар шөнөөр соёлын төв орно гээд явж байдаг юм билээ. Чамайг миний шүүлэг дээр яахыг чинь харна аа" гэж их л хорсолтой хэлэх уран зохиолын багшийн үг надад буухдаа " доголон юм байж бүжиг таанц эргүүлээд явдаг олхиогүй амьтан" гэж "орчуулагдав".
Тэр үед 10-н жилийн охид бүжгэнд орвол "аальгүй, алцгар явдалтай" -аараа дуудуулдаг бүдүүлэг нийгэм байсан л даа. Бүр их гомдолтой нь, нэг урлагийн наадамд шалгарчихаад түүнийхээ бэлтгэлийг хийхээр соёлын төв алхах үеэр найздаа ярьсан яриаг багш сонсчихоод намайг доромжилсон нь тэр. Хоёр ангийн 40 гаруй хүүхдийн өмнө ийн доромжлуулсандаа тэсэрч, дэлбэрэх шахсан би " та намайг яахыг харин хараарай" гэсэн юм. Гэхдээ би дотроо л хэлсэн л дээ.
Уран зохиолын хичээлийн шүүлэг. Хоёр вариантын бүх асуултыг дөрвөн нүүр ар өвөргүй хариулж (амьхандаа гайхуулж байгаа царай), өөрийн үзэл бодол өнцөгтэй хамт бичээд цагаасаа өмнө хураалгав. Мэдээж, би бүх асуултдаа зөв хариулсан, тэр үеийн хүүхэд сэтгэхээргүй ч дүгнэлт бичсэн гэж боддог. Энэ миний өшөө авалт байлаа. Цааш цаашдаа хэн нэгэн дорд үзвэл зүгээр л юу чаддагаа харуулдаг болсон юм. Муу юм болгон сайн талтай гэж энэ л дээ. Би ахиж дэвжлээ, боловсролтой боллоо, урилгаар гадаадад ч ажиллав. Ээж аавын минь хичээснээр өөртөө итгэлтэй эмэгтэй болж өсөв.
Өвчнөө ор тас мартав, онгирдог барддаг хөөрдөг бусдын л адил бүсгүй боллоо. Гэвч үе үе баярт явдал тохиоход, тайзнаа намайг дуудахад, олны дунд үг хэлэхэд гэнэт " муугаа мэдэхгүй..." гэсэн багшийн хорон үгс чихнээ хадаж тэр дороо л сэтгэл хөдлөл унтарчихна. Нээрээ хэн намайг юу гэх бол, энэ ийм байж онгирлоо гэх болов уу гэсэн бодолдоо бачуураад нам гүмхэн болчихно. Хаа сайгүй ийм үг дагаж намайг тарчлаана, би ч муугаа мэдэхгүй хаа сайгүй явсаар л ... Энэ бол багшийн минь надад үлдээсэн ШАРХ байлаа.
Хоёр дахь тохиолдол. Энэ явдлаас хойш " сэтгэл санааны хүчирхийлэл" гэж сүүлд л ойлгосон явдал ар араасаа л гарч байлаа. Хичээлдээ суух дургүй болов, аль болох л тасалчихдаг боллоо. Гайтай юм шиг, сайн байсан хөвгүүн нь надад үерхэх захиа өгснөөс болж нэг охины " заналт дайсан" болон хувирч, охидын атаа жөтөө, хов живний бай болж, орох байх газаргүй болон эцэстээ амиа хорлох гэж үзэв. Азаар тэр үеэр настай нэг багш намайг харж болиулж, хэнд ч энэ тэнэглэлийн минь талаар ярилгүй хав дарсан юм.
Багш надтай чин сэтгэлээсээ ярилцаж, миний гутралын шалтгааныг мэдмэгцээ " Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог гэсэн үг мэдэх үү, чи" гэж ширүүхэн асуув. Нус нулимсандаа хутгалдсан би хамраа шудрангаа толгой сэгсэрлээ. " Мэдэж ав!!!" Ой тоонд минь тэгтлээ орсон үгс одоо хэр нь ховор байх. Энэ үеэс хойш би " муугаа мэдэхгүй" ч " идсэн эрүүнүүдийг хувхайрахыг хүлээн" урагш хөдөлдөг болов.
Энэ бол багшийн минь надад үлдээсэн ЭМ байлаа.
Таагүй хоёр дахь тохиолдлоосоо бүр холдчихож, гол яриандаа оръё. Манайх дутагдаж гачигдахааргүй айл байсан ч яагаад ч юм би хэмнэх, ээж ааваасаа илүүг нэхэхгүй байхыг хичээдэг хүүхэд байв. Нэг хичээлийн дэвтэр дуусчихаар нь өөр нэг хичээлд ашиглаж байгаад талд нь ороогүй орхисон дэвтрийн араас өнөөх хичээлээ хийж орхив. Хэмнэж байгаа минь тэр.
Дахиад л өөр нэг шүүлэг. Багшид асуугдах хооронд багш "зүйтэй, сайн байна" гэж дэмнэж толгой дохиж байснаа " энэ юу юм, яаж байгаа юм" гээд дуу нь огцом өндөрсөв. Дэвтрийн хоёр талд хичээл бичсэнийг олоод харчихаж. Юу гэхээ мэдэхгүй балмагдан зогстол "чи хэнийг доромжлоод байгаа юм, энийгээ аваад зайл" гэж хашгиран нүүр рүү дэвтрийг минь шидчихэв. Шүүлгийн дүнгүй, минчийж улайсан нүүртэй би дэвтрээ аваад зайллаа.
Гэвч дүнгээ гаргуулах ёстой учраас өдөржин багшийн араас толгойгоо ганзаглан дагасан юм. Хорлонтой нь, багш таарсан багш, ажилтан болгонд " энэ нэг муу юм дүн гуйгаад, байж байгааг нь хэммм" гэж ирээд л муулах нь яс хавталзмаар. Адаг сүүлд нь багшийг сургуулийн цайны газарт тэндэхийн эрхлэгчтэй цайлж суухад нь үүдэнд нь үхээнц царайлаад горьдлогын нүдээр харан хүлээж зогсов.
Тэндэхийн эрхлэгч надад их сайн. "Өө миний дүү яаж яваа юм?!" гэхтэй зэрэгцэн багш намайг " дүн гуйж яваа арчаагүй царайт" гэх нь дуулдана. Эрхлэгч эгч их л өрөвдөнгүй харснаа " их сайн охин шт. Үргэлж хүнтэй мэндтэй устай явдаг, надад их тусалдаг" гэхчлэн амьхандаа л намайг магтаж " яах вэ хөөрхий дүнг нь гаргаад өгчих л дөө" гэж миний өмнөөс царайчлах нь тэр.
Багш зөөлөрсөн үү, эсвэл эгчээр дайлуулж байгаадаа ч тэгсэн үү " за за яв, онц гарна гэж найдалтгүй дунд гаргаагүй нь их юм, сайн л тавина шүү" гэж зандрангуй хэлээд араас нь " хэмм хоёрын хооронд ийм юмнууд угаасаа дүнгээр ч яадаг юм, их сургуульд орж чадах биш" гэж ууц нурууг минь хуга цохив.
Үгүй дээ багш минь, сурлаа, цол зэрэгтэй ч боллоо. Эрүүл саруул, өнөр гэр бүлийг ч цогцлоолоо. Эрүүл саруулаар сэтгэсээр би хэдийнэ 40 гарлаа. Харин энэ нийгэм эрүүл саруул болж чадахгүй байгааг хараад энэ бүхнийг нуршихаар болов. Нэг ч гэсэн багш үүнийг уншаад, нэг ч гэсэн үгээ бодлогогүйгээр хэлэхгүй болчихвол миний зорилго биелэх нь тэр. Хамгийн аймшигтай нь ээж аав минь хайрын дээдийг өгч, урам зориг дэмжлэгээр булж, өөртөө итгэлтэй ХҮН БҮТЭЭХ гэж чармайж байхад хажуунаас хэлсэн санаандгүй үгс бүхнийг ч нурааж мэдэхээр... Азаар аав ээж минь ямар ч хүчирхийлэлд нураад уначихааргүй сайн суурь тавьж өгсөн юм. Дөч гарсан насандаа ч багшийн хэлсэн үгс үе үе санагдаж сэтгэл гутралд орох ч аав, ээжийн тавьсан суурийн ачаар би урагшилсаар л...
Ц.Нарантуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ