Таныг хэн гэдгийг илтгэх ёс зүйн 10 дүрэм

img

Анхны уулзалт цаашдын харилцаанд нэн чухал, яг л гарцан дээрх гэрлэн дохио шиг. Уулзалтын эхний мөчүүдэд л бид шинэ танилынхаа ухамсарт ногоон эсвэл улаан гэрэл асаадаг. Судлаачдын өгүүлснээр цаашдын хамтын ажиллагаа амжилттай байхын 90 хувь нь анхны уулзалтаас шалтгаалдаг гэнэ. Харилцан хүндлэлийн хэл болсон ёс зүй, биеэ хэрхэн авч явах дүрмээс цөөн хэдийг сануулж байна. 

1. Мэндлэх 

Эрэгтэй эмэгтэй хоёр хүн уулзвал эрэгтэй нь түрүүлж, насны хувьд залуу нь, ажил хэргээр уулзаж байгаа бол албан тушаал доогуур хүн нь эхэлж мэндэлнэ. Гар барин мэндчилэхээр гараа сунгах бол эмэгтэй, ахимаг насных, албан тушаал ахимаг хүн түрүүлж гараа өгнө. Тухайн хүний статус илүүтэй давамгайлах бөгөөд эрдэмтэн эр туслах бүсгүйдээ гар сунгаж болох юм. Түүнчлэн эмэгтэй ерөнхийлөгч байлаа гэхэд өөрөөсөө ахмад эмэгтэйд гараа өгч болох аж. Ихэнх тохиолдолд эмэгтэй хүн давуу эрхтэй байх бөгөөд чухамхүү гар барин мэндчилэх эсэх, харилцааны хэв маягийг эмэгтэй хүн л шийдэх дүрэмтэй.

 

Харин та ерөнхийлөгч, доктор, оюутан, эрэгтэй эмэгтэй хэн байхаас үл хамааран хүн цугласан аливаа газарт орохдоо чухамхүү та түрүүлж мэндлэх ёстой. Түүнчлэн хамт яваа хүн тань өөр нэгэнтэй мэндэлвэл та ч бас мэндлэх хэрэгтэй.

 

Дотны найз, сайн танил л биш бол хэний ч биед, тэр тусмаа эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх нь байж болшгүй, туйлын БҮДҮҮЛЭГ  авирт тооцогддогийг санаарай. 

 

2. "Та" хэмээн хүндлэх  

Европд 12-оос дээш насны бүх хүнийг "та" хэмээн хүндэтгэн дууддаг. Харин манай орны нөхцөлд сайн танихгүй хэн бүрийг "та" гэж дуудан хүндлэх нь зүйтэй. 

 

3. Малгай 

Эрэгтэй хүн байшин барилгад ормогцоо малгайгаа авна. Эмэгтэй хүн малгай бээлийтэйгээ байж болох бөгөөд энэ нь мэдээж ноосон малгай болон нэхмэл бээлий биш гэдгийг санаарай.

 

4. Шүхэр 

Шүхрийг хаана ч байсан дэлгэн хатааж болохгүй. Тусгай тавиур байхгүй бол шүхрийг хумиж, өлгөх хэрэгтэй. 

 

5. Театр руу орох 

 

Хурлын танхим, кинотеатр, театр зэрэг өөрсдийн байрыг эзлэх шаардлагатай бүхий л газрууд руу орохдоо эрэгтэй хүн түрүүлж орно. Мөн бусдын өмнүүр гарахдаа сууж байгаа хүн рүү нуруугаа биш харин нүүрээ харуулан зөрж өнгөрөх ёстой. 

 

6. Анхны уулзалтаар хөндөж болохгүй сэдвүүд 

 

Анх уулзаж байгаа хүнтэйгээ, ер нь төдийлөн сайн танихгүй хүмүүстэйгээ улс төр, шашин, санхүүгийн орлого, эрүүл мэнд, хувийн амьдралын талаарх сэдэв хөндөхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн яг одоо хамт байхгүй байгаа дундын танилынхаа талаар, нас, давуу тал, эм, амрагийн харилцааны талаар ярих хэрэггүй. 

 

8. Хүлээн авалт

Бусадтай мэндчилэн гар барихад баруун гараа хуурай, дулаан, чөлөөтэй байлгахын тулд хүлээн авалтын үеэр хундагаа зүүн гартаа барина. 

 

9. "Тэнэглэл"

Ажил хэргээр хүнтэй танилцахдаа өөрийнхөө зургийг хэвлэсэн нэрийн хуудас өгөх, цэцэг шигтгээ, олон өнгө холилдсон маникюр хийлгэх, гурваас дээш өнгийн хувцас нэг дор өмсөх, хэт гял цал зүүлт чимэглэл зүүх нь нэг ёсондоо "тэнэглэл". Түүнчлэн алдартай брэндүүдийн дуураймал бүтээгдэхүүн хэрэглэх, нэг дор олон брэндийн логотой зүйлсийг хэрэглэх нь мөн л ядмаг харагдана. 

 

Мөн хоолны дэглэм барьж байгаа гэж зарлан "тэрийг ч идэхгүй, уухгүй"гэж хямсганах нь бас л соёлгүйд тооцогдоно. Тиймээс ийм авир гаргалгүй өөрт тохирохыг чимээгүйхэн сонгон хэрэглэх нь зүйтэй. 

 

10. Цүнх

Цүнх, үүргэвчийг үргэлж газар тавина. Харин гар цүнхийг өвдөг дээрээ тавьж болох бол ширээн дээр зөвхөн гоёлын жижиг цүнхийг тавьж болно.

 

Эдгээр дүрмүүдийг зөвхөн хүмүүстэй уулзахдаа ч биш амьдралынхаа нэг хэсэг болгох нь нэн чухал. "Таныг хэн нэгэн ажиглаж байгаа мэт биеэ авч яв" гэсэн дипломатуудын баримталдаг дүрмийг  санаж явахад илүүдэхгүй.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ