Бүх цаг үеийн шилдэг гитарчин Ван Хален таалал төгсжээ

img


Холланд гаралтай Америкийн гитарчин Эдди Ван Хален 66 насандаа таалал төгсжээ. Энэ талаар түүний хүү Вольфганг мэдээлсэн байна. Эдди Хален 2001 оноос хойш хэлний хавдар өвчинтэй тэмцэж байжээ.

 

"Би үүнийг бичих ёстойдоо итгэж чадахгүй л байна. Гэхдээ миний аав Эдвард Лодевейк Ван Хален хавдартай хийсэн урт, хүнд тулаанд өнөө өглөө ялагдлаа" хэмээн Вольфганг Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Тэрбээр аавыгаа хамгийн сайн эцэг байсан гээд "Би түүнтэй тайзан дээр болон тайзнаас бусад газарт хуваалцсан мөч бүхэн бэлэг байлаа" хэмээн Вольфганг Ван Хален онцолсон байна.

 

Эдди Ван Хален 1955 оны нэгдүгээр сарын 26-нд Холландын Неймеген хотод төржээ. 1962 онд түүний гэр бүл Америкийн Калифорни мужийн Пасадена хотод нүүн ирсэн байна. Үүнээс 10 жилийн дараа Эдди төрсөн ахтайгаа хамт "Маммот" хард рок хамтлаг байгуулж, 1974 онд хамтлагийнхаа нэрийг Ван Хален болгон өөрчилжээ. 

 

Энэ хамтлаг уран бүтээлээ туурвих хугацаандаа нийтдээ 12 студийн цомог бичүүлсэн байна. Хамгийн анхны "Ван Хален" нэртэй пянз энэ хамтлагийн хамгийн амжилттай бүтээлд тооцогддог. "Jump" хэмээх гол синг л олон улсад хит болж, Америкийн Биллбоардыг тэргүүлж байлаа. АНУ-д гэхэд л цомгоо 12 сая гаруй хувиар борлуулж байжээ. Ван Хален хамтлагийг АНУ-ын түүхэн дэх хамгийн борлуулалттай уран бүтээлчддийн 19-д багтааж байв. 2007 онд энэ хамтлагийг Рок-н-роллын алдрын танхимд багтааж байсан юм. 

 

Харин Эддиг тэппинг хэв маягийг анхлан дэлгэрүүлэгчдийн нэг гэж тооцдог. Түүнчлэн Флойд Роүз тремоло-системийг ашиглаж эхэлсэн анхны гитарчдын нэг юм. Мөн Ван Хален гитар болон хүчитгэх аппаратурыг зохион бүтээгч гэдгээрээ алдаршсан байна. Ялангуяа өөрийнх нь бүтээсэн Фрэнкенстрэт гитар ихээхэн алдартай. 2012 оны 10 дугаар сард Guitar World сэтгүүл Эдди Ван Халеныг бүх цаг үеийн шилдэг гитарчин хэмээн нэрлэж байв.

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ