АНУ: Нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр талуудыг хавтангаар тусгаарлажээ

АНУ-ын Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн болж өнгөрлөө. Энэ мэтгэлцээн цар тахлын нөхцөлд явагдаж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгасан талаар ВВС агентлаг мэдээллээ.
Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид буюу Байден, Трамп нарын мэтгэлцээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвартай нь батлагдсан юм. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд коронавирус илрээгүй байна.
Ийнхүү өмнө нь Ерөнхийлөгчөөс вирус илэрсэн тул энэ удаагийн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр Ардчилсан намын нэр дэвшигчийн штабын шаардсанаар мэтгэлцээнд оролцогчдыг хуванцар нэвт гэрэлтдэг хавтангаар тусгаарлаж, оролцогчид хоорондоо дөрвөн метр орчим зайтай суусан байна.
Мэтгэлцээний үеэр Ардчилсан намын нэр дэвшигч сенатч Камала Харрис сүүлийн хагас жилийн хугацааны Трампын захиргааны үйлдлүүдийг АНУ-ын түүхэн дэх хамгийн бүтэлгүй ажиллагаа хэмээн нэрлэж, цар тахлын улмаас Америкийн 210 мянга гаруй хүн амиа алдаж, долоон сая гаруй хүн халдвар авч, 30 сая давсан хүн ажилгүйдлийн тэтгэмж авсныг сануулсан байна.
Үүний хариуд, цар тахалтай тэмцэх ажлын хэсгийг ахлаж буй Майк Пенс АНУ-д өвчинтэй хийх тэмцэл үр дүнтэй, амжилттай яваа гээд ирэх он гэхэд Америкт вакцин гарна хэмээн амлажээ.
Мэтгэлцээний үеэр хоёр нэр дэвшигч хоёулаа Бээжинтэй хийж буй худалдааны дайны талаар дурьдсан бол Харрис энэ дайны улмаас АНУ 300 мянган ажлын байр алдсан гэдгийг онцолжээ.
Хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар, энэ удаагийн мэтгэлцээний гол баатар нь энгийн нэгэн ялаа байсан гэж үзэгчид өгүүлсэн байна. Учир нь мэтгэлцээн ид дундаа өрнөх үеэр дэд Ерөнхийлөгч Пенсийн үсэн дээр ялаа суусан нь дэлгэцнээ тодоор харагджээ. Ялаа Пенсийн толгой дээр хоёр минут гаруй суусан ч дэд ерөнхийлөгч үргээх гэж оролдоогүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ