Хойд Солонгосын хоригдлуудыг тамладаг талаарх тайлан нийтлэгджээ

Хойд Солонгосын урьдчилан саатуулах газруудад хоригдож буй хүмүүс байнга тамлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөн, эрүүл мэнд нь ноцтой аюултай тулгардаг гэж хүний эрхийн Human Rights Watch байгууллагын тайланд өгүүлснийг CNN агентлаг мэдээлсэн байна.
Энэ тайланд хориглож буй хүмүүс "амьтнаас ч дор эрхтэй байдаг" хэмээн онцолсон байна. Тайлангийн зохиогчид Хойд Солонгосын түр саатуулах байранд хоригдож байсан хүмүүстэй ярилцан, хүний наад захын эрхийг дорд үздэг, хэрцгий үйдлүүдийн талаар нийтэд дэлгэжээ. Хойд Солонгосын иргэд саатуулах байранд хоригдохоос ихээхэн айж амьдардаг бөгөөд саатуулагдсан тохиолдолд тэндээс зөвхөн авлига, танил талын хүчээр л гарч чаддаг гэнэ.
Тайлангийн зохиогчид БНАСАУ-ын 22 иргэн, мөн өмнө нь төрийн албан тушаал хашиж байсан найман хүнтэй ярилцжээ. Тэд бүгд 2011 онд төрийн тэргүүн солигдох үеэр эх орноосоо дүрвэсэн байна. Эдгээр хүмүүсийн нэг болох эмэгтэй Хятадаас бараа бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр баривчлагдаж байжээ. Түүнийг саатуулах байранд байх үед зодож, доромжлон, мөн таван өдрийн турш огт унтуулаагүй гэнэ. Тэрбээр нөхөр нь саатуулах байрны албаны хүмүүст авлига өгсний ачаар суллагдаж байжээ.
Хүний эрхийг хамгаалагчидтай ярилцсан бусад хүмүүс ч дээрх эмэгтэйн үгийг батлаж, өөрсдөө ч мөн зодуулж байсан тухайгаа ярьсан байна. Мөн тэднийг өвдөглүүлэн эсвэл хөлийг нь солбиулсан байрлалтайгаар 16 цагийн турш зогсоодог байсан гэнэ. Түүнчлэн ихэнх эмэгтэйчүүд хүчирхийлүүлж байжээ. Тэдний өгүүлснээр гэмт хэргийг хүч хэрэглэх аргаар илрүүлэх нь цагдаагийн нэр хүндэд эергээр нөлөөлдөг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ