COVID-19: ОХУ-д халдвар нэмэгдэж, Москва мужид дахин хязгаарлалт тогтоов
2020-10-21

ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөн хэвээр байна. Улмаар Москва мужид коронавирусийн улмаас шинэ хоригууд үйлчилж эхэлжээ.

 

РБК агентлагийн мэдээлснээр, Москва мужийн захирагч Андрей Воробьев шинээр үйлчлэх хязгаарлалтуудын талаар зарлахдаа "нөхцөл байдал хүнд хэвээр", мөн бүс нутгийн эрүүл мэндийн салбар "нэн хүнд ачаалалтай ажиллаж байгаа"-г онцолжээ. 

 

Москва мужид 10 дугаар сарын 21-нээс эхлэн COVID-19 халдварын дэгдэлттэй холбоотойгоор нэмэлт хязгаарлалтууд үйлчилж эхэллээ. Энэ талаарх тогтоолд мужийн захирагч Андрей Воробьев 10 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зуржээ. 

 

Өмнө нь, 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бар, кафе, зоогийн газруудад шөнө дундаас өглөөний 08.00 цаг хүртэл цэнгээний арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд энэ хориг 11 дүгээр сарын долооны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. 

 

 

Москва мужид үйлчилж эхэлсэн хоригууд 
 

Таван мянган квадрат метрээс дээш талбайтай худалдааны төвүүд болон нийтийн хоолны байгууллагуудад үйлчлүүлэгчдийн биеийн халууныг зайлшгүй үзэж нэвтрүүлэх журам үйлчилж эхэлжээ. Биеийн халуун зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн бол тухайн байгууллагууд руу орохыг хориглох юм байна.

 

Москва мужид биеийн тамир, спорт, амралт чөлөөт цаг, соёл урлаг, үзэсгэлэн, соён гэгээрүүлэх, сурталчилгааны болон бусад төрлийн үзэгчтэй арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Харин үзэгч оролцоогүй спортын тэмцээн, тамирчдын бэлтгэл явуулахыг зөвшөөрсөн байна. 

 

Түүнчлэн музей, дархан цаазат газрын музей, ордон-цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборуудаар зугаалахыг хориглосон бол ердийн нөхцөлд цэвэр агаарт салхилахыг зөвшөөрчээ.

 

Москва мужид өглөөгүүр сурагчдын биеийн халууныг тогтмол хэмжиж байгаагийн дээр нийтийн тээврийн хэрэгсэл, нийтийн хоолны газар, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад амны хаалт зүүж, хоорондын зай баримтлах журмын хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
уг нь улс орон бүгд л бие биенээсээ хамааралтай манай улс бүр хэцүү бүх зүйл нь хоёр хѳршѳѳс хамааралтай хоёр талд байдал хүндэрвэл манайх халдвар тархаагүй байсанч бусад зүйлээр маш хурдан хэцүүдэж эхэлнэ эм тарианаас эхлээд шүдэнз хүртэл
2020-10-21