COVID-19: Буриадад халдвартай хүмүүст үйлчлэх таксины тоог нэмнэ

img

Буриадын нийслэл Улаан-Үд хотод коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг тээвэрлэхэд зориулсан автомашинууд буюу "ковидын такси"-ы тоог нэмэхээр болжээ. Энэ үүргийг Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов Улаан-Үдийн захиргаанд өгсөн байна. 

 

"Энэ үйлчилгээ ихээхэн эрэлттэй гэдэг нь ойлгомжтой. Өөрийн тээврийн хэрэгслээр явж эмнэлэгт үзүүлж чадахгүй олон өвчтөн байна. Эмч таксины диспетчерүүдэд цаг товлон дуудлага өгснөөр тогтоосон цагт такси өвчтөнийг гэрээс нь аван эмнэлэг хүргэж, буцаад гэрт нь хүргэх юм. Ийм боломж гарсанд иргэд талархаж байгаа" хэмээн Буриадын Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова онцолжээ.

 

Одоогийн байдлаар "ковидын такси" үйлчилгээнд 10 машин явж байгаа бөгөөд жолооч нар амралтын өдөргүйгээр өдөр бүр 08.00 цагаас 23.00 цаг хүртэл ажиллаж байгаа гэнэ. Энэ такси үйлчилгээ үнэ төлбөргүй, үйлчилгээ нэвтэрснээс хойш 907 өвчтөн такси захиалжээ. Жолооч нар хувийн хамгаалалтын хэрэгслээр хангагдсан, машинуудыг өдөр бүр гурван удаа ариутгалд орж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ