ОХУ: Хүүхдүүдийг гэртээ хичээллэхэд нь тусалж зөөврийн компьютер бэлэглэж байна
2021-01-21

ОХУ-ын Буриадад улсын олон хүүхэдтэй өрхийн сурагчид  хичээлдээ хэрэглэх ухаалаг төхөөрөмжтэй болжээ. Оросын "Нэгдсэн Орос" нам "Гэртээ суралцахад нь туслаарай" нэртэй аян өрнүүлж байгаа бөгөөд энэ аяны хүрээнд тус намын орон нутгийн салбарын нарийн бичгийн дарга, Буриадын тэргүүн Алексей Цыденов сурагчдад зөөврийн компьютер бэлэглэсэн байна. 

 

Хүүхдүүдэд бэлгийг биечлэн гардуулсан бөгөөд уулзалтад ирэх боломжгүй хүүхдүүдтэй цахимаар холбогдон, ярилцжээ. Хүүхдүүд энэ үеэр алсын зайн сургалтаар сурах таалагдахгүй байгаагаа ярьсан гэнэ.

 

"Та бүхэнтэй бүрэн санал нийлж байна. Гэртээ биш сургуульдаа л сурах нь илүү сайн. Харамсалтай нь коронавирусийн цар тахлын улмаас бид алсын зайнаас суралцахаас аргагүй болсон. Алсын зайн сургалтад хамрагдах таатай боломж бүрдүүлэх, багш болон найз нөхөдтэйгээ холбогдоход туслахын тулд бид намын шугамаар та бүхэнд планшет, зөөврийн компьютер гардуулж байна" хэмээн Буриадын тэргүүн өгүүлжээ.

 

Энд дуулгахад, коронавирусийн халдвар тархах аюулын улмаас бүхий л боловсролын байгуулагууд алсын зайн сургалтад шилжихээс аргагүй болсон 2020 онд "Гэртээ суралцахад нь туслаарай" аян өрнөж байжээ. Цар тахал боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулсан ч энэ өөрчлөлтөд бүх хүн бэлэн биш, тэр дундаа сурагчдыг техник хэрэгслээр хангах хүндрэлтэй асуудлууд үүссэн байна. Тэр дундаа хүүхдүүддээ шаардлагатай техник хэрэгслийг тухай бүр авах боломжгүй олон хүүхэдтэй болон амжиргааны түвшин доогуур өрхүүдэд нэн хүнд туссан тул Оросын эрх баригч нам энэ аяныг эхлүүлж байжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин