Британи хөл хорионоос гарах төлөвлөгөөг танилцуулна

Коронавирусийн дэгдэлт болон шинэ мутацийн тархалтын улмаас нэгдүгээр сараас хойш Англи хатуу хөл хорионд байгаа юм. Тус улсад айлаар зочлох, гудамжинд нэг дор олноор цуглан уулзах, онц чухал шалтгаангүйгээр зорчихыг хориглосон. Түүнчлэн дунд болон дээд сургуулиуд, хүнсний дэлгүүрээс бусад худалдааны байгууллагууд хаагдсан юм. Үүнтэй адил хориг Нэгдсэн Вант Улсын бусад хэсгүүдэд ч үйлчилж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.
Хэдийгээр халдварын тархалт их байгаа ч Британи коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтынхаа үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй орнуудын тоонд багтаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус улсын 17.5 сая хүн вакцины эхний тунгаа тариулжээ. Вакцинжуулалтыг ийнхүү эрчимтэйгээр явуулж, үүний зэрэгцээ хатуу хөл хорио тогтоосон нь халдварын тархалт болон нас баралтыг бууруулахад нөлөөлсөн гэж эрдэмтэд үзсэн байна.
Их Британийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эерэг өөрчлөлт гарсан тул Английг хатуу хөл хорионоос аажмаар гаргах хуваарийг Борис Жонсон танилцуулахаар болсон байна. Хөл хориог аажмаар сулруулах бөгөөд гуравдугаар сарын наймны өдрөөс дунд сургуулиудын танхимын хичээлийг нээж, гудамжинд уулзах хоригийг цуцлах гэнэ. Гэхдээ хоёроос дээш хүн гадаа уулзан зогсож болохгүй аж. Харин гуравдугаар сарын 29-ний өдрөөс зургаан хүн уулзаж болох бөгөөд мөн энэ өдрөөс эхлэн спортын задгай талбайнууд нээгдэх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ