Их Британийн хатан хаан вакцинжуулалтад хамрагдахыг иргэддээ уриаллаа

Их Британийн хатан хаан II Елизавета ард иргэддээ хандан өөрийнх нь жишгээр коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдахыг уриалжээ. Тэрбээр энэ тухайгаа Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирланд дахь вакцинжуулалтын хөтөлбөрийн удирдлагуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн гэж ВВС агентлаг дамжууллаа.
"Вакцин хийлгэснээр та бүхэн хамгаалагдана, үүнийг тун чухал гэж би үзэж байна. Түүнчлэн өмнө нь вакцинд хамрагдаж байгаагүй хүмүүсийн хувьд энэ удаад урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх эсэх нь мэдээж хүнд шийдвэр. Гэхдээ зөвхөн өөрийгөө төдийгүй бусдыг ч бас бодох хэрэгтэй" хэмээн хатан хаан мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр вакцин маш хурдтай гарган авсан явдал болон хүн амыг вакцинжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Тарилга хийлгэхэд "огт өвдөөгүй", "вакцин ямар ч хоргүй" гэж Их Британийн хатан хаан онцлоод коронавирусийн цар тахлыг дэлхийн бүх хүн оролцож буй тулаантай зүйрлэжээ. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үеийнх шиг британичууд бүх нийтийн аюулын өмнө нэгдсэн гэдгийг сануулсан байна.
Энд дуулгахад, Их Британийн хатан хаан II Елизавета болон түүний нөхөр, Эдинбургийн гүн Филип нар нэгдүгээр сарын есний өдөр коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан байна. Их Британид Пфайзер вакциныг ашиглах зөвшөөрөл гарсны дараа 12 дугаар сарын наймны өдрөөс вакцинжуулалт эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ