Орост өндөг, тахианы махны үнийг царцаажээ

img

Өнгөрсөн онд Орост элсэн чихэр болон наран цэцгийн тосны үнийг царцаах шийдвэр гаргаж байсан. Үүний араас тахианы мах болон өндөгний үнийг царцаахаар болсон талаар РИА Новости мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газарт болсон зөвлөгөөний дүнгээр үйлдвэрлэгчид хоёр сарын туршид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байхаар тохиролцсон гэж Шувуу үржүүлэгчдийн үндэсний холбооны ерөнхий захирал Сергей Лахтюхов өгүүлсэн байна.

 

Энэ шийдвэрийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд өндөг, тахианы мах зэрэг нэн чухал бүтээгдэхүүнүүдийн үнийг ойрын саруудад нэмэхгүй, одоогоор хоёр сар гэж холбооны гишүүн компаниуд тохиролцсон гэж тэрбээр онцолжээ. 


"Хариуд нь бид хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын зээлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зээлийг сунгах зэрэг үйлдвэрлэгчдэд үзүүлэх дэмжлэгүүдийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам болон Засгийн газраас хүснэ. Үйлдвэрлэгчдэд зориулсан дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна. Энэ нь өнөөгийн нөхцөлд салбарыг дэмжих алхам юм" хэмээн Сергей Лахтюхов мэдэгджээ. 

 

Оросын статистикийн газрын мэдээлснээр, 2020 онд ОХУ-д тахианы өндөг 15.2 хувь, хөргөсөн болон хөлдөөсөн тахиа 2.6 хувиар өссөн байна. Орост өндөгний үнэ есдүгээр сараас нэгдүгээр сарын эхэн хүртэл 17 долоо хоног өсчээ. Нэгдүгээр сард өндөгний үнэ буурсан ч хоёрдугаар сард дахин өсч эхлэн, хоёрдугаар сарын 16-24-ний хооронд 1.1 хувиар өсчээ. 

 

Харин тахианы махны үнэ есдүгээр сарын сүүлээс эхлэн 20 долоо хоног өсч, хоёрдугаар сарын 16-24-ний хооронд бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулахад хамгийн их буюу 1.9 хувиар нэмэгджээ. Ийнхүү бүтээгдэхүүний үнэ өсөх болсон нь тэжээлийн өртөг нэмэгдсэн, шувууны ханиад тархсаны улмаас үйлдвэрлэлийн хэмжээ буурсан, Европын холбоонд халдварт өвчний нөхцөл байдал хүндэрсний улмаас дарах өндөгний импорт буурсан гэсэн гурван хүчин зүйлээс үүдэлтэй гэж Оросын Хөдөө аж ахуйн яам тайлбарласан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Орос бол дэлхийн ядуу, хоол хүнсний хомсдолтой 4 орны нэг болно гэсэн үнэн болох нь ээ
2021-03-03
иргэн:
Манайд бол өндөг ховордож үнэ нь талийж өгсөн шүү дээ. Төр засаг маань ажлаа хийхгүй байна. Талхны үнийг хянаад зохицуулаад өгнө гэж байсансан тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүх, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэд үүрэг өгөөд л өнөөх нь шалгаад байсан яасын бол мянга гарантай байсан талх 2000 болцныг нь мэдэлгүй аваад л байсан байхым махны үнэ талыж өглөө ард түмний амьдрал амаргүй байнао
2021-03-03