ФЕЙК: Хуурамч тариураар вакцин хийж байгаа дүр үзүүлсэн үү?

Өнгөрсөн оны сүүлээр олон оронд олон нийтийн сүлжээгээр тархсан, коронавирустэй холбоотой ээлжит нэгэн хуурамч мэдээлэл саяхнаас манай улсад фейсбүүкээр ихээхэн тарах болов. SHUUD.mn олон нийтийн сүлжээгээр тархаж буй төөрөгдлийг арилгах үүднээс өмнө нь коронавирустэй холбоотой хэд хэдэн төөрөгдлийн талаар мэдээлж байсан. Энэ удаад олон нийтийн сүлжээгээр тархсан "хуурамч шприцээр вакцин хийж байгаа мэт дүр эсгэж байна" гэх бичлэгийн талаар мэдээллийг хүргэж байна. 

 

Арьсанд хүрмэгц тариурын зүү алга болж байгаа тул хуурамч тариураар вакцин хийж байгаа дүр эсгэж байна гэж "батлах" дүрс бичлэг 2020 оны сүүлээр ихээхэн тархаж байсан юм. 

 

"Хүмүүсийг үй олноор устгах зорилготой дэлхийн хуурамч засгийн газрын  хуурамч мэдээллийн хэрэгслүүд ихээр дэврээж мэдээлж байгаа хуурамч вирусээс хамгаалах хуурамч вакциндаа хуурамч тариурын алга болж байгаа хуурамч зүүг ашиглаж байна" гэж энэ дүрс бичлэг дээр өгүүлэх аж. 

 

Олон нийтийн сүлжээгээр тарсан дүрс бичлэг нь ВВС агентлагийн Их Британи дахь вакцинжуулалтын тухай нэвтрүүлгээс тасалж авсан хэсэг бөгөөд дүрс бичлэг дээр эмнэлгийн ажилтан зүүтэй тариур барьж, харин тарилгыг хийсний дараа зүүгүй тариур сугалж авч байгаа нь харагдана. Чухамхүү тасалж авсан энэ хэсэг дээр хуурамч мэдээлэл оруулан олон нийтийн сүлжээгээр тараасан бөгөөд харин одоо ихэнх хуудсууд дээр үүнийг "хуурамч мэдээлэл" гэж хаажээ. 

 

Үнэн хэрэгтээ энд ямар ч үгсэн хуйвалдааны онол үгүй. Дүрс бичлэг дээр ашиглагдсаны дараа зүү нь тариурын их бие рүү ордог аюулгүй тариурыг сувилагч ашиглажээ. Ийм тариур нь эмнэлгийн ажилтан болон өвчтөнийг гэмтэх, халдвар авахаас сэргийлдгийн дээр давтан ашиглах ямар ч боломжгүй байдаг аж.

Тарилгын аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд  ухаантай тариур ч гэж нэрлэгддэг ийм тариур ашиглахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уриалдаг юм.

 

Интернетэд ийм тариурын ажиллах зарчмыг харуулсан олон дүрс бичлэг байгаагийн жишээ болгон дараах бичлэгийг хүргэж байна.

 

COVID-19-ийн вакцины тухай ҮНЭН, ХУДАЛ

Өнгөрсөн зуунаас үлдсэн амь бөхтэй төөрөгдөл буюу АУТИЗМ вакцинаас болдог уу?

ТӨӨРӨГДӨЛ: АстраЗенека вакциныг хориглосон уу?

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ