Александр Попов: Европчуудтай харьцуулахад монголчууд маш тэвчээртэй

"Саяхныг хүртэл Монголын биатлончид туйлын ховор байв. Харин тэд аажмаар спортын ур чадвараа сайжруулан, амжилт гаргаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрх авсаар байна" хэмээн манай улсын тамирчдын талаар NEWS.ru бичжээ. Энэ агентлаг Монголын биатлоны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Орос, Белорусст алдартай мэргэжилтэн, Олимпын аварга Александр Поповтой хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Та Монголын багтай хэрхэн холбогдох болов оо?
-Жил хагасын өмнө Минск хотод болсон биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцсон. Энэ тэмцээний үеэр Монголын багийн менежер, миний эртнээс нөхөрлөдөг Итали эр буудлагын бэлтгэлд туслахыг хүссэн юм. Залуухан баг тэр үед буудлагын дасгалжуулагчгүй байсан юм. Тиймээс удалгүй намайг Монголын баг байрлаж байсан Итали руу урьсан. Энэ баг ердөө хоёр охин, хоёр хүү гээд дөрөвхөн тамирчинтай байлаа. Тэдэнтэй танилцах тун сонирхолтой байсан. Ингээд бид есдүгээр сарын эхээр буудлагын ажлаа эхэлсэн юм.
Тэдний бэлтгэл анхан шатанд байгаа нь анзаарагдсан, зуны цагаар буудлага хийдэггүй байсан юм билээ. Гэхдээ цаг уурын таатай нөхцлийн ачаар үндсэн ажлаа явуулж, өмнө нь алдагдсан боломжуудыг сэргээхийг оролдсон.
Сарын дараа холбооноос улирлаар ажиллах санал ирсэн юм. Залуу, сонирхолтой хүмүүс, тиймээс л би зөвшөөрсөн. Одоо ингээд бидний хамтын ажиллагаа урт хугацааных болж, өнөө хэр ажиллаж байна даа.
-Та бүхний зорилго, зорилт?
-Олимпын наадамд бэлтгэж, оролцох. Гэхдээ манай тамирчид харьцангуй залуу байна. Тиймээс ойрын Олимпд оролцох боломж бага. Тэгээд ч коронавирусээс болж бэлтгэл хожуу эхэлсэн, хүндрэлтэй үе маш их байлаа. Гэхдээ тамирчид энэ бүхнийг ойлгож, ирээдүйд олон улсын тавцанд эх орноо төлөөлөх чадвартай баг бүрдүүлэхийн тулд алсын зорилготой ажиллахад бэлэн байгаа
-Монголын залуус биатлонд орж ирэхээсээ өмнө ямар спортын төрлүүдээр хичээллэж байсан бол? Одоо спортоос гадна, сурж, ажилладаг уу?
-Нэг охин нь энэ жил биеийн тамирын дээд сургуулийг төгсөж байгаа. Энхбат дунд сургуулиа төгссөн, их сургуульд орно. Тэд өмнө нь цанын спортоор хичээллэдг байсан юм. Олон улсын тэмцээнд оролцохын тулд бид энэ жил хоёр хүү, хоёр охин гээд нийт таван хүнийг нэмж авсан. Наймдугаар сараас төвлөрсөн бэлтгэлдээ орлоо.
-Бэлтгэлийн үед танд хэн тусалдаг вэ? Ямар хэлээр харилцдаг бол?
-Өнгөрсөн жил харилцахад хэцүү байсан. Гэхдээ миний үеийн нэг зөвлөгч байсан юм, өмнө нь цанын спортоор хичээллэдэг байсан Биатлонд дасгалжуулагчийн хувьд шинэхэн хүн ч гэлээ оросоор бага зэрэг ярьдаг. Харин энэ жил багийн менежерийн ачаар харилцахад төвөггүй болсон. Менежер эмэгтэй орос, англиар чөлөөтэй ярьдаг, харилцаа холбоо болон спортын багуудтай ажиллаж байсан ихээхэн туршлагатай нэгэн. Түүнчлэн залуухан туслагч, сурагчтай болсон. Өмнө нь цана, бөхөөр хичээллэж байсан 24 настай залуу. Тэр дасгалжуулагчийн ажилд туршлагажиж, ихэд хичээж байгаа. Манай баг нийт найман хүнтэй, хоёр дасгалжуулагч, нэг менежер, таван тамирчин.
-Цар тахлын үеэр танай баг Европт байрлаж байсан. Хаана, хэрхэн байрлаж байв?
-Монгол Улс Хятадын дараахан л шууд хилээ хаасан. Одоо хэр нь зөвхөн тусгай үүргийн нислэгээр л гадаад ертөнцтэй харилцаж байгаа. Тусгай үүргийн нислэг бол тэр улсаас гарах, эсвэл улсдаа эргэн ирэх цорын ганц боломж. Тавдугаар сарын нэгнээс Монгол тогтмол нислэгээ нээхээр төлөвлөж байгаа. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас их шалтгаална л даа. Манай залуус долдугаар сарын 27-ны өдөр тусгай үүргийн нислэгээр Франкфуртад ирж, дараа өдөр нь л Минскэд очсон. 11 дүгээр сарын 17 хүртэл бид "Раубичи" спорт цогцолборт бэлтгэл хйиж байлаа. Виза авахад хүндрэлтэй байсан ч бид бэлтгэлээ тайван хийсэн. Беларусийн цаг агаар ч үр дүнтэй бэлтгэл хийх боломж олгосон юм.
Виза саатсаны улмаас бид төлөвлөсний дагуу Скандинав руу явахаасаа татгалзсан. Тэгээд Обертиллиахд ирж, улирлын туршид тэнд байрлалаа. Тэнд цас ихтэй, бэлтгэл хийхэд тун тохиромжтой. Нэгдүгээр сарын эхээр бид анхны тэмцээндээ оролцсон юм. Германы IBU цом. Дараа нь Польшид болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, буцаад Обертиллиахд ирж, дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болон IBU цомд оролцсон. Дараа нь манай багийнхан Франкфуртын тусгай үүргийн нислэгээр гэртээ харьцгаасан даа.
-Та өөрөө Монголд очиж байв уу?
-Очихыг маш ихээр хүсч байсан, дэлхий дахиныг бүрхсэн энэ асуудал гарахаас өмнө очих төлөвлөгөөтэй байлаа. Өнгөрсөн намар очиж чадаагүй, бэлтгэл ч тасалдсан. Энэ жил дөрөвдүгээр сарын сүүлээр Монгол руу явж, тамирчид ажиллах газар дээр нь нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөж байна.
Харамсалтай нь тэнд Беларусь эсвэл Орост байдаг шиг нөхцөл байхгүй. Тэнд ердөө л буудлагын тир байгаа, мөн автомашины хөдөлгөөн бараг байхгүй замаар л гулгах боломжтой. Цогц бэлтгэлийн үеэр тэд хээр талд буудаж байсан гэхэд болно.
Гэхдээ Монголд цаначид болон биатлончдод зориулсан багахан цогцолбор барихаар төлөвлөж байгаа юм билээ.
-Монгол залуустай ажиллахад манайхнаас хэр ялгаатай вэ? Тэдний үндэсний онцлог юу вэ?
-Монголчууд тэсвэр тэвчээр, ёс журамтай байдлаараа ялгардаг. Залуус хүүхэд байхаасаа л ахмад хүмүүсийг хүндлэх ёсонд суралцсан байдаг юм. Тэд явуулын амьдралын хүнд хэцүүг маш сайн тэсвэрлэдэг. Өнгөрсөн улиралд тавдугаар сард гэрээсээ гараад л гуравдугаар сарын сүүлээр ирж байх жишээтэй. Ингэж явах үед бүгд нэг байранд амьдарна, багийн дотор ямар ч сөргөлдөөн гарч байгаагүй.
Тэд маш нөхөрсөг хүүхдүүд, бүх л зүйл дээр нэгэндээ тусална, гэртээ харьмаар байна гэж уйлагнахгүй. Тэд ажиллах ёстой, өөр аргагүй гэдгийг маш сайн ойлгодог. Хөвгүүд нь охиддоо, охид нь хөвгүүддээ тусалдаг. Энэ бол тэдний онцлог чанар.
Оросууд, беларусчууд, европчуудтай харьцуулахад монголчууд маш тэвчээртэй. Ийм нөхцөлд европчуудыг байлгасан бол тогтоон барихад хэцүү л байх байсан.
-Тэд юу сонирхдог вэ? Тэдэнтэй харилцах хялбар уу?
-Манай менежер гадаад хэлтэй нь сайн хэрэг, тэр биднийг хоорондоо ойлголцоход тусалдаг юм. Бид англиар жаахан, оросоор жаахан ярина. Би герман хэл сайн мэднэ, харин миний англи хэл тааруу. Гэхдээ л бид ойр зууртаа бол ойлголцоод л байдаг юм. Нэг хүү тогооч мэргэжилтэй, хоол маш сайн хийдэг. Цар тахлын нөхцөлд, зоогийн газрууд бараг ажиллахгүй байгаа энэ үед тэд өөрсдөө л хоолоо хийцгээнэ. Тэр хүү хоол хийх маш дуртай, бүх л сэтгэлээ зориулж бэлддэг. Охид ч мөн хоол сайн хийнэ. Бэлтгэл, тэмцээний хооронд хоол хийх нь хобби болсон гэхэд болно доо.
-Тэд ямар хоол хийдэг вэ?
-Ихэвчлэн үндэсний хоолоо хийнэ. Мах гурилаар хийсэн, манай банш шиг хоол бий. Үнэндээ тэдний үндэсний хоол манай спортын төрөлд нэг их тохирохгүй л дээ. Тэд маш их мах, өөрсдөө гурилаар хийсэн талх иддэг. Ингэснээр мах, гурил байнга холилдоно, спортын мөчлөгт төрлүүдэд ганцхан махаар хооллоод хол явахгүй. Анх бол тэд өдөрт гурван удаа ч мах идэхэд бэлэн байлаа. Гэвч тамирчинд төрөл бүрийн хүнс, тэр дундаа ургамал, нүүрстөрөгчтэй хүнс хэрэгтэй, тиймээс тэдэнд үүнийг тайлбарлах шаардлагатай болж байсан юм.
Бид хамтран ажиллах хугацаанд тэд тамирчинд загас маш тустай гэдгийг сайтар ойлгож байгаа ч загас идэж сураагүй хүмүүс ч байна. Би тэдэнд тухайн хүнсний ашиг тусыг тайлбарлаж, тэд ойлгон, хүнсэндээ анхаарч эхэлдэг. Хоол хүнсний онцлог амьдралын нөхцлөөс бүрэлдэн тогтсон гэдгийг би ойлгож байна.
Тэд бол нүүдэлчид, анчид. Тэд эрс тэс уур амьсгалтай, өвөл нь хасах 40 хэм, зун нь 40 хэмийн халуунтай нөхцөлд амьдардаг. Өвөл дан ганц ногоогоор тэсч чадахгүй, тиймээс даарч, хөлдөхгүйн тулд өндөр илчлэгтэй хүнс шаардлагатай бөгөөд үүнийг мах нөхдөг.
Тэдний гол хөдөө аж ахуй нь мал сүрэг. Ихэвчлэн үхрийн мах, хонины мах, адууны махыг хүйтэн улиралд иддэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ