ВИДЕО: "Бадма, Чагдар хоёр"-ыг төрөөс дэмжихээр болжээ
Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын яам тус улсын нэрт найруулагч Эрдэни Жалцановын "Бадма, Чагдар хоёр" нэртэй буриад хэл дээрх хүүхэлдэйн кино бүтээх төслийг дэмжжээ. Энэ талаар найруулагчийн эхнэр Евгения фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
"Эрдэни Жалцановын буриад хэл дээр "Бадма, Чагдар хоёр" хүүхэлдэйн кино бүтээх ажил нь "Бүгд Найрамдах Буриад Улсад буриад хэлийг хадгалах, хөгжүүлэх" улсын хөтөлбөрийн арга хэмжээ хэрэгжүүлэн төлөвлөгөөнд багтсан" хэмээн Евгения бичжээ.
Бадма, Чагдар нэртэй хоёр жаал хүүгийн адал явдлын талаар өгүүлэх богино хэмжээний, цуврал хүүхэлдэйн кино өнгөрсөн оноос Юүтүб сувгаар олон нийтэд хүрэх болсон юм. Энэ киног бүтээхэд Жалцановынхан бүгд оролцдог бөгөөд Эрдэни санааг нь гаргаж, цаасан дээр буулгадаг бол эхнэр Евгения зургийг зурж, харин охин Янжима нь дүрүүдэд дуу оруулдаг аж.
"Хоёр хүү хоёулаа буриад хэлний хоёр аялгаар ярьдаг. Гэхдээ нэгнээ төвөггүй ойлгодог юм. Тэдний хооронд хэлний бэрхшээл үгүй. Тэдэнд өөр зорилтууд л чухал. Тэд зүгээр л амьдралын сайн сайхныг мэдэрдэг" хэмээн төслийн зохиогчид ярьсан байна.
Хүүхэлдэйн киноны эхний ангиудыг буриадад төдийгүй Монгол, Өвөр Монгол, Халимаг, Европ, Америк, Австрали, Солонгос, Японд ч өндрөөр үнэлсэн юм. Энэ хүүхэлдэйн киног зөвхөн зугаацаж үзэх биш харин сургалтад зориулан АНУ, Шотланд, Францын монгол сургуулиудад хэл шинжлэлийн материал болгон үзүүлж байгаа аж.
Өнөөдөр "Бадмар, Чагдар хоёр" цувралын шинэ анги "Һургуулиин болохобди" буюу "Сургуульд явмаар байна" нэртэй кино Юүтүб хуудсанд байршжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ