Н.Алтанхуяг: Амралтын өдрүүдэд архи зарахгүй байя

13:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Архийг амралтын хоёр өдөр зарахгүй байя. Архи зардаг цэгийг цөөлье. Мөн архидан согтууруулах ундааг зарах цагийг зааж өгье гэлээ. Гишүүн Б.Пүрэвдорж:
-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн доторх зарим заалтыг зөвшөөрөхгүй байна. Архи согтууруулах ундааг граммаар зарвал хүүхэд ч худалдан авч ууна. Ингэж болохгүй.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсний дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14:00 цагт эхэлнэ.
Архидан согтуурах, донтох өвчинтэй тэмцэх Засгийн газрын санг байгуулна
11:40 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Дараагаар нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийж, байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Өнөөдрийн гэр бүлийн хүчирхийлэл архидалттай холбоотой. Тиймээс энэ асуудал энэ хуулинд хатуу тусах ёстой. Архи үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг хорьж байгаа юм биш. Гэхдээ өвөг, дээдсийн нэрээр архины нэрийг өгмөөргүй байна. Жишээ нь, Чингисийн нэртэй архи хийж хогийн саванд хаяж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Жишээ нь, төрийн далбаа, соёмбын нэртэй, зурагтай архи үйлдвэрлэж байгааг таслан зогсоох ёстой. Хуулийн төсөлд үүнийг оруулах ёстой. Монголд өнөөдөр коронавирусаас дөрвөн хүн, хорт хавдраар 4000 хүн нас барсан байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Насан хүрсэн хоёр эрэгтэй хүний нэг нь архины хэрэглээ өндөртэй байна гэсэн судалгаа гарсан. Энэ хуулиар архидан согтуурах, донтох өвчинтэй тэмцэх Засгийн газрын санг байгуулахаар тусгасан. Бүтээгдэхүүний загвар дээр бид хяналт тавьж, хуулийн хэлэлцүүлгийн явцад судалж, тодорхой болгоно. Төрийн бэлгэ тэмдэг, түүхт хүмүүсийн нэр устай согтууруулах ундааны загварыг аль болох батлуулахгүй байхад энэ хуулийн зорилго байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Архинаас гаргах эмчилгээтэй холбоотой зардлын асуудал туссан уу. Худалдаа, үйлчилгээний цэгийн тоог бууруулах талаар туссан уу. Цэгийн тоог хэн тогтоох вэ? Хэнд өгөхийг сумын Засаг дарга мэднэ, хэдийг өгөхийг аймгийн Засаг даргад өгөх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жил байсныг таван жил болгож уртасгах хэрэгтэй юу. Мөн архины савлагаа, градусыг багасгах хэрэгтэй байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Улсын хэмжээнд шүүхийн шийдвэрээр 10 гаруй хүнийг эмчлэх шаардлагатай, хүлээгдэж байна. Албадан эмчилгээний төв 200 хүрэхгүй ортой. Сая 250 ортой болгож өргөтгөсөн. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 100 ортой эмчилгээний төв нээсэн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай 9600 хүн байна гэсэн үг. Архидан согтууруулах болон донтох өвчтэй тэмцэх Засгийн газрын сан байгуулъя. Архины градусаас хамаарч татварын шатлал тогтооё. Урьд нь согтууруулах ундаа олгох, зөвшөөрөл олгогч тогтоолгүй байсан. Одоо урьдчилж цэгийг тогтооно. Жижгээр савладаг савлагааг хориглож байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бид аман дээрээ зөв ярьчихаар үйлдлээрээ эсрэг яваад байна. Архидан согтуурахыг хамгийн их дэмжиж байгаагийн нэг илрэл нь бэлэн мөнгө. Нийгмийн нэг хэсгийг бэлэн мөнгө өгч архидуулж байна. Сонгуулийн үе болохоор бэлэн мөнгө өгөөд байна. Архийг гэнэт хорих аюултай. Архийг хоривол хар тамхинд донтоно.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Ажлын байранд, албан газарт, ажлын цагаар архи ууж болохгүй гэдэг заалт хийх хэрэгтэй. Архийг хоригломоор байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
-Төрийн албаны хууль, төрийн байгууллагад ажлын байран дээр архидан согтууруулахыг хориглосон заалт хэрэгжиж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
-Энэ хууль нийгмийн эмгэнэлт үзэгдэлтэй тэмцэх эрхзүйн зохицуулалт хийж байгаа учир би дэмжиж байгаа юм. Архидан согтуурахтай тэмцэх Засгийн газрын тусгай сан байгуулъя гэж байна. Хэрвээ албадан эмчлэх бол албан хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар дэлхий дээр жилдээ 3 сая гаруй хүн амь насаа алдсан байна. Оюутнуудын дунд судалгаа явуулахад 50 гаруй хувь нь тасартлаа ууж үзсэн гэсэн судалгаа гарчээ. Цаашдаа төрийн тусгай албадыг архинаас хол байлгах эрхзүйн зохицуулалт хийх бодолтой байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Тусгай сан байгуулвал эмнэлэг барина, эмчилнэ, эрүүлжүүлнэ, ажлын байртай болгоно, хөдөлмөр эрхлүүлнэ. Бид архинд донтох өвчтэй хүмүүст хүмүүнлэг хандах цаг болсон. Төрийн тусгай албан хаагчдыг архи, согтууруулах ундаанаас хол байлгах, хэрэглэсэн тохиолдолд хуулийн хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хамтарч ажилламаар байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ хуулийн гол агуулга нь өндөр хатуулгатай архидан согтууруулах ундаанд эрхзүйн зохицуулалтыг чангатгаж байна гэж харж байна. Энэ хуульд айрагны заалт орж байгаа юу.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Энэ хуулийн гол зорилго нь иргэдээ соёлтой хэрэглээнд сургах. Архидан донтох хор уршигтай тэмцэх, дарс, пивоноос ямар нэг татвар авахгүй байх зохицуулалттай. Айраг, шимийн архи дээр зохицуулалт хийгээгүй. Иргэд гэртээ айраг, шимийн архи нэрэхийг хуулиар зохицуулах шаардлагагүй байх.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ