Эрдэни Жалцанов: Монголчууд биднийг нэгдмэл байгаач ээ гэдэг

"Бадма, Чагдар " хоёр хүүхэлдэйн кино Монгол даяар төдийгүй монгол угсаатнуудын дунд ихээхэн алдартай болсон Энэ хүүхэлдэйн киноны зохиогч, "Ульгэр" театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановтай "Новая Бурятия" сонин ярилцсаныг товчлон хүргэж байна.
-Эрдэни, буриад хэлээр хүүхэлдэйн кино бүтээх санаа хэрхэн орж ирсэн бэ?
-Би энэ талаар Монголын улсын болон хувийн телевизүүдэд бараг 100 удаа ярьсан байх, харин Буриадынхаа хэвлэлд анх удаа ярих гэж байна. Монголд энэ кино их алдаршсан, би ч ингэнэ чинээ төсөөлөөгүй. Анх бид хөл хорионд байх үеэрээ монгол бичгээ сэргээн үзэхээр шийдсэн юм. Би анх сурч байснаас олон жил өнгөрч, 80-аад оны сүүлээр шүү дээ. Манай хөгжимчин Баттүвшин надад "Монгол бичиг" ном бэлэглэж, би бие даан сурах болсон юм. Чадах хэмжээгээрээ л сурсан даа. Ингээд, 10 дугаар сард хөл хорионд байхдаа монгол бичгээ сэргээе гэж шийдсэн. Энэ сэдвээр олон номтой болсны дээр Юүтүб суваг үзэж эхэлсэн юм. Ингээд л эрс сайжирч, текст уншиж эхэлсэн юм.
Ингээд янз бүрийн комикс зурж эхэлсэн. Тэгэж байснаа гэнэт л эхнэртэйгээ хамт ер нь зургуудаа амилуулаад үзье гэж шийдлээ. Бага охиноо дуу оруулахыг хүссэн. Бид түүний хоолойг диктофон дээр бичиж аваад, бага хэмжээгээр дуу оруулж эхэллээ. Тэр хэсгүүдээ Фейсбүүкт оруултал ихээхэн амжилттай болж, олон хүн үзэж, лайк, коммент ч их байлаа. Ингээд л би хүүхэд буриад хэл сурахад туслах ямар нэг түүх бодож олох цаг нь ирж гэж шийдсэн. Охин маань буриад хэл дээрх текстийг давтан уншиж, энэ нь ч өөрт нь их таалагдаж байсан юм. Энэ нь охиныг минь буриад хэл сурахад нь ихээхэн дэмжлэг болсон л доо.
Ингээд л зураг зурж байгаад хоёр хүүгийн дүр орж ирсэн юм. Тэдний харилцан яриаг нь бичээд, охиноо дуудан хамтдаа бэлтгэж эхэлсэн. Чагдар бол сартуул, Зэд айлгаар ярьдаг. Харин Бадма хорь буриадаар ярьдаг, гэсэн ч тэд нэгнээ маш сайн ойлгоно. Охин маань хорь буриад аялгаар ярихад хэцүү байсан ч амархан дассан. Эхнэр зургийг амилуулж, ингээд анхны ангиа хийн Фейсбүүкт байршуулаад өглөө нь харахад маш олон хүн үзсэн байсан, гэхдээ бүр Монголд шүү. Үнэхээр их гайхсан, харин дараа нь ойлгосон л доо.
Тухайн үед монголчууд хатуу хөл хорионд, гэр гэртээ сууцгааж байсан юм билээ. Монголд одоогоор өөрсдийн гэсэн хүүхэлдэйн кино байхгүй, харин Солонгос, Хятад, Япон, Америкийн хүүхэлдэйн кинонууд гардаг. Монголчууд кино их хийдэг ч хүүхэлдэйн кино хийдэггүй. Гэтэл гэнэт цахим орон зайд гэнэт хоёр хүү гарч ирээд л, ойлгож болох хэлээр яриад эхэлчихсэн. Ингээд л хүүхэлдэйн кино ихээхэн алдартай болсон юм.
-Хэт их илэн далангуй байгааг минь уучлаарай, гэхдээ та энэ хүүхэлдэйн киноноосоо ашиг олдог уу?
-Хамгийн том материаллаг хувь нэмрийг Буриадын Соёлын яам оруулсан. Манай төслийг дэмжиж 200 мянган рубль (shuud.mn: монгол мөнгөөр 6.8 сая төгрөг) олгосон. Энэ мөнгөөр сайн видеокарттай хүчин счадал сайтай компьютер бас анимэйшний планшет авна. Үүнээс өөрөөр ямар ч мөнгө олоогүй. Монголын телевизүүд биднийг хүүхэлдэйн киногоо зарах хүсэлт олон удаа тавьсан, гэвч зохиогчийн эрх авсны дараа л энэ талаар ярих боломжтой. Хагас жилийн дараа эрхээ авчих байх гэж бодож байна. Тэгсэн цагт "брэнд" болгож, бэлэг дурсгалын зүйлс гарган, телевизүүдтэй манай хүүхэлдэйн киног гаргах талаар тохиролцож болох юм.
-Та хаанаас ингэж уламжлал, ёс заншил, хэлээ маш сайн мэддэг болов оо?
-Би Зэдийн аймгийн, Нижний Торей сууринд төрсөн. Верхний Торей сууринд байх өвөө, эмээ дээрээ байнга очдог байлаа. Миний эмээ орой бүр унтахын өмнө үлгэр, түүх, домог ярьж өгдөг байсан юм. Миний төрөлх хэл буриад хэдий ч дунд сургуульд орос хэлээр хичээл ордог ангид сурдаг байлаа. Яагаад тэгсэн юм бүү мэд, гэхдээ яах вэ, орос хэл сурчихсан.
-Та хоёр дахь Сагаалганы идэвхтэй оролцогч байсан. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач.
-Буриадууд бид нэг ард түмэн, бид уламжлал, дуу хуураар баялаг гэдгийг ойлгуулсан баяр байсан. Биднийг олон зүйл нэгтгэдэг. Энэ бол ард түмэн нэгдэх мөч байлаа.
Манай "Бадма, Чагдар хоёр" хүүхэлдэйн кино овог, аймгуудын эвлэлдэн нэгдэхэд уриалж байгаа гэхэд болно. Тэд өөр аялгаар ярьдаг ч нэгнээ маш сайн ойлгодог. Хамгийн гол нь, тэд яагаад өөр өөрөөр ярьж байгаагаа ч гайхдаггүй.
Энэ кинонд дуртай болсон монголчууд "Буриадууд аа, та нар нэгдээч! Яагаад хэрэлдээд, хуваагдаад байдаг юм бэ?" гэдэг. Бид чинь нэг л үндэсний хүүхдүүд, нэг модны мөчрүүд шүү дээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ