Беларусь Латвийн элчин сайд болон бүх дипломатыг хөөн гаргана
2021-05-25

Беларусийн эрх баригчид Латвийн Элчин сайд төдийгүй бусад бүх дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахаар шийджээ. Энэ талаар Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей мэдэгдсэн гэж БЕЛТА агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 24-ний өдөр Ригад Беларусийн төрийн далбааг гутаан доромжилсонтой холбоотойгоор Латвийн Элчин сайдыг Гадаад хэргийн яаман дээр дуудаж, Беларусийн нутаг дэвсгэрээс Латвийн дипломатуудыг хөөн гаргах шийдвэрийн талаар элчин сайд Эйнарс Семанист мэдээлсэн гэнэ. 

 

"Энэхүү үйлдэлд Рига хотын даргаас гадна, зарчмын хувьд ард түмнүүдийг хуваах биш харин нэгтгэхийн төлөө ажиллах ёстой газар болох Латвийн Гадаад хэргийн яам, Гадаад хэргийн сайд оролцсон нь туйлын харамсалтай" хэмээн Беларусийн Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

 

Мөн Беларусьт болж буй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Беларусийн төрийн далбааг цагаан-улаан-цагаан бэлгэдлээр сольсон нь "вандализм" хэмээжээ. 

 

"Элчин сайдад эсэргүүцлийн нот бичиг гардуулсан. Бид энэ төрлийн өдөөн хатгасан үйлдэлд хариу өгөхгүй өнгөрч болохгүй. Элчин сайдыг 24 цагийн дотор ЭСЯ-ны бүх дипломат болон захиргаа, техникийн бүрэлдэхүүний ажилтныг 48 цагийн дотор Беларусийг орхиж, ЭСЯ-ны барилгыг хариуцан үлдэх захиргааны нэг л ажилтан үлдээх ёстойг дуулгасан" хэмээн Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей мэдэгджээ. 

Латви улс үүний хариуд Беларусьтай ижил арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн байна. 

Дипломат харилцаанд сэв суулгасан далбаа

Ийнхүү Беларусь улс Латвийн бүхий л дипломатыг нутгаасаа үтэр түргэн хөөх болсон нь Латвийн нийслэлд болж буй Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Рига хот оролцогч орнуудын далбаан дунд Беларусийн далбааг мандуулахдаа цагаан-улаан-цагаан бэлгэдэл бүхий тугийг хатгасанаас үүдэлтэй юм. Энэ далбааг Беларусийн сөрөг хүчнийхэн төрийн далбааны оронд ашигладаг. 

 

Энэ нь санамсаргүй хэрэг биш байсан бөгөөд Рига хотын эрх баригчид сөрөг хүчнийхний бэлгэдэл бүхий далбааг мандуулж байгаагаа мэдэж байсан талаараа Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлж байв.

 

"Беларусийн улс төрийн цагаачид надад итгэн хүлээлгэн өгсөн, эрх чөлөөт Беларусийн далбааг бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний далбаануудын дунд байрлуулна" хэмээн Рига хотын думын дарга Мартиньш Стакис Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Түүнчлэн Беларусийн далбааг буулгах шийдвэр гаргасан бөгөөд учир нь "Беларусийн далбаа төрийн терроризмыг дэмждэг дэглэмийг бэлгэдэж байна" гэж Рига хотын эрх баригчид үзсэн гэнэ.

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын далбаа шигшээ багуудын тоглогчид буудаллаж буй Radisson Blu Hotel Latvija зочид буудлын ойролцоо байрлаж байгаа юм. Беларусийн далбааг сөрөг хүчнийхний бэлгэдлээр солих ажилд Рига хотын эрх баригчдаас гадна Латвийн Гадаад хэргийн сайд Эдгар Ринкевич оролцжээ.

 

Энэ үйл явдлаас өмнө, Беларусийн эрх баригчид сөрөг хүчний төлөөлөл болсон сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан үйлдлийг Латвийн эрх баригчид шүүмжилж байлаа. Беларусийн НЕКСТА агентлагийг үүсгэн байгуулагч Роман Протасевич  Афин-Вильнюс чиглэлийн онгоцоор зорчиж явах үед онгоцонд бөмбөг суурилуулсан гэсэн мэдээлэл өгч, яаралтай газардах тушаалыг Беларусийн эрх баригчид өгч, онгоц газардсаны дараа сэтгүүлчийг баривчилсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Түүгээр явсан гайг үүгээр дуудаваа гэж,Лу гуай унах гүнзгий нүхээ яравчлан түргэтгэвээ хөөрхий
2021-05-26
иргэн:
Жижиг улсуудыг нэг иймэрхүү байдалд оруулна даа, оруулна, сэвээд байвал /манай нөгөө дагаж далдагнадаг үеийн шиг 3 орны э/з унасан/ эвгүй байдалд ороод л байна.
2021-05-25
Bi:
Hockey Latvia-d bolj bgaa shuu nohor mini ..stupid
2021-05-25