Коронавирусийн халдвар анх Хятадын Ухань хотод дэгдэж, улмаар дэлхий даяар тарж эхэлснээс хойш л "Хятад вирусийг лабораториас алдсан, зохиомлоо гарган авсан вирус" гэх хардлага гарч, үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэх эрдэмтэн ч гарч байв. Ухань хотод вирус судлалын лаборатори байдаг бөгөөд чухамхүү эндээс үүдэн дээрх хардлага гарсан юм. ДЭМБ энэ таамаглалыг няцаасан ч АНУ лабораториас үүссэн байж болзошгүй гэх хувилбарыг эцэслэн шалгах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон хэвээр байна.
Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад дахь лабораториас вирус алдагдсан гэх онол зэргийг багтаан, коронавирусийн үүслийн талаарх бүхий л хувилбарыг шалгахад хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг тагнуулынхандаа уриалжээ.
АНУ-ын Тагнуулын газарт санал хуваагдсан, нэг хэсэг нь цар тахал лабораторид гарсан золгүй явдлаас үүдэлтэй, нөгөө хэсэг нь халдвар авсан амьтан хүнд халдвар тархаасан гэж үзэж байгаа хэмээн Жо Байден мэдэгдсэн байна. Тиймээс ийнхүү санал хуваагдаж байгаа талуудыг 90 хоногийн дотор өөрсдийн таамаглалыг батлах баримт нотолгоог гаргаж ирэхийг хүсчээ.
Харин үүний дараа АНУ-дахь БНХАУ-ын Элчин сайдын яам вирусийн үүслийг улс төржүүлэхгүй байхыг уриалжээ.
"Гүтгэх, бурууг тохох аян дахин эхэлж, "лабораториас вирус алдагдсан" гэх үгсэн хуйвалдааны онол сэргэж байна. Вирусийн үүслийг тогтоох шинжлэх ухааны ажлыг улс төржүүлэх нь вирусийн үүслийг тогтооход хүндрэл учруулах төдийгүй "улс төрийн вирус"-ийг тархааж, цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд саад учруулна" хэмээн БНХАУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Уханьд 2019 оны сүүлээр вирус анх илэрсэнээс хойш дэлхий даяар 169 сая гаруй хүн халдвар авч, 3,5 сая гаруй хүн амиа алдсан юм. Хятадын эрх баригчид Уханийн далайн бүтээгдэхүүний захаас ковидын анхны тохиолдлууд илэрсэн хэмээн мэдэгдсэн нь эрдэмтэд амьтнаас хүнд вирус халдсан гэх таамаглал дэвшүүлэх үндэс болж байв.
Гэхдээ Хятадын Ухань хотын лабораторид вирусийг гарган авсан байж болзошгүйг гэрчлэх олон баримтууд Америкийн хэвлэлүүдээр байнга гардаг. Саяхан гэхэд л The Wall Street Journal сонин Хятад вирусийн талаар анх мэдээлэхээс өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард Уханийн вирус судлалын лабораторийн эрдэмтэд хүнд өвдөн, эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлж байлаа. Гэсэн ч ийм мэдээлэл гарах бүрт Хятадын эрх баригчид няцаадаг юм.
WSJ: Коронавирусийг зохиомлоор гарган авсан байж болзошгүй
Г.Бямбасүрэн
Уншиж байна |